Шууд Chart

Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов

2026-04-02 09:57:57

Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ болон Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд эхний ээлжийн хамтарсан ажлууд амжилттай хэрэгжиж эхэллээ.

Тус хамтын ажиллагаа нь нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг салбарын мэргэжлийн байгууллагуудтай уялдуулах, мэдээлэл солилцоог тогтмолжуулах, зураг төсөл болон хэрэгжилтийн чанарыг сайжруулах, бодлого, төлөвлөлтийн түвшинд мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. 

Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, танилцуулгын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ийн ажилтан албан хаагчид, салбарын инженер, зөвлөхүүд, экспертүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-аас нийслэл хотод хэрэгжиж буй 16 мега төслийн нэгдсэн танилцуулгыг хүргэв.

Танилцуулгын үеэр төслүүдийн зорилго, хамрах хүрээ, техник, эдийн засгийн үндэслэл, хэрэгжилтийн явц, санхүүжилтийн бүтэц, үе шат, тулгамдаж буй асуудлууд, цаашдын төлөвлөлтийн чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогч талуудын дунд мэргэжлийн түвшний асуулт, хариулт өрнөсөн, идэвхтэй хэлэлцүүлэг боллоо. Ялангуяа зураг төслийн чанар, норм стандартын мөрдөлт, инженерийн дэд бүтцийн уялдаа, төслийн хэрэгжилтийн эрсдэлийн удирдлага, хот байгуулалтын бодлоготой нийцэл зэрэг асуудлуудаар салбарын экспертүүдээс тодорхой санал, зөвлөмжүүд гарсан нь цаашдын хамтын ажиллагаанд бодит ач холбогдолтой байв.

Энэхүү уулзалт нь зөвхөн мэдээлэл хүргэхээс гадна салбар хоорондын ойлголцлыг нэгтгэх, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг хамтран хэлэлцэх, шийдлийн хувилбаруудыг тодорхойлох эхлэл болж байгаагаараа онцлог юм. Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ нь цаашид хэрэгжиж буй төслүүдийн явц, өөрчлөлт, шинэчлэлтийг тухай бүр салбарын мэргэжилтэн, зөвлөх, экспертүүдэд нээлттэй хүргэж, тэдгээрийн санал, зөвлөмжийг бодлого, шийдвэр гаргалтад тусган ажиллах зарчмыг баримтална.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд тогтмол хугацаанд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, тодорхой сэдвийн хүрээнд гүнзгийрүүлсэн техникийн семинар, сургалт явуулах, хэрэгжиж буй төслүүд дээр салбарын экспертүүдийн оролцоог нэмэгдүүлэх, зөвлөх үйлчилгээний тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр нийслэл хотын хэмжээнд хэрэгжиж буй мега төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтийн чанар, үр ашиг, ил тод байдал сайжирч, салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрэх нөхцөл бүрдэх юм. 


Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй