Шууд Chart

Таван рубль

2022-08-08 09:17:02

“Ээждээ бичсэн захидал”

Ээжээс авсан бүхэн ямар үнэ цэнтэйг ухаарч ойлгодоггүй гэнэн насны минь дурсамж. Оюутан болж,  сурч байгаа нэрийдлээр эцэг эхээсээ аль өнгөтэй өөдтэйг нь авч үрж байдаг цаг.  Ялангуяа ээж маань нууж хааж, өмөөрч үглэж байгаад л өөрт байгаа, бас өөрт нь байхгүй ч яаж ийгээд олоод өгдөг.  Хариу нэхэж байгаагүй ачтан байж, хаяж үрэгдүүлнэ хайхрахгүй орхино голж гомдооно.

Одоогийн ярьдгаар ямар тансаг байсан юм бэ, Энэ олон бэлэг  өглөгийн дотроос хилийн чанадад сурч байхад ээжийн маань посылкоор өгүүлсэн ”Орос–Монгол толь бичиг” хэмээх ном түүний зузаан картон хавтсыг зүсэж нямбай хавчуулсан 5 рубль одоо ч сэтгэлд тод байна. Яагаад вэ гэвэл хамгийн их өлссөн, нутаг орноо ээжийгээ санаж байхдаа олсон юм. Нэгэн удаагийн илгээмжээр бор цаасанд нандигнан боосон юм ирлээ, Задалтал ээжийн захиа ном, дурамжхан үзээд цааш нь тавьж орхиод мартаж. Урьд нь илгээмж ирэхэд цагаан сарын тавгийн хувь болох ааруул, хатчихсан боорцог, цагаан тос өрмийн тос боорцог ааруулд шингээд ямар амттай болдог гээч  тэгээд ёотон цаас нь мултраад хоорондоо наалдчихсан ганц нэг чихэр чухам л амттаны дээж ирдэг сэн.

Гэтэл энэ удаа ердөө л ном сургаалаа хайрласан захидал,Хүний нутгийн хаврын урт өдрүүд уйтгартай үргэлжилж,заримдаа хоосон ходоод хон  ён дуугарч хичээл хийх ч төвөгтэй санагдаж, муу бор гэр минь хоол чанаад уудалдаг 2 талдаа сэнжтэй том хөнгөн цагаан сав, аяганууд тойруулж тавьчхаад нэрээр нь дуудан дүүрэн дүүрэн аягалж өгч байгаа ээж минь харагдсан нэгэн өдөр, Нөгөө цааш нь тавьсан номоо гаргаж ирлээ. Дэмий олдохгүй хоол бодолж байснаас ганц нэг үг цээжилж сууя гэж бодоод хавтсыг нь эргүүлтэл зузаан хөндий юм шиг санагдаад саваагүйтэн  жонхуугаар наасан хуудсыг аятайхан хуултал картон хавтас хөндий дотроос нь нэг юм цухуйж байв Сугалаад гаргаад иртэл 5 рубль. Ээ аз гэж энэ ээж маань зүгээр нэг ном өгүүлээгүй байж. Баярласан гэж жигтэйхэн над шиг баян хүн тэр үед байхгүй байлаа. Өрөөний охиноо дагуулаад гадагшаа гарлаа. Хамгийн түрүүнд ойр байсан “Булочка и хлеб” дэлгүүр орж 4 ширхэг корчик /цагариг боов/ авч идлээ.

Цаашаа явж зургаа авхуулж буцахдаа 1 лааз загасны консерв, талхны хамт аваад ирж билээ. Тэр үед ээжийнхээ  амьтан хүн хил гаалиас нууж явуулсан  5 рублийн үнэ цэнийг дутуу л ойлгож байсан байхдаа.

Харин одоо өөрөө ээж  бас эмээ болсон хойноо нэхэн санахад ээжийн минь хайр агуу байсныг ойлгож байна. Ээжийгээ дурсахад хажууд минь суугаад толгойг минь илж аргадах шиг, алдсан алдааг минь өөртөө үүрч ачааг минь хөнгөлөх шиг, заримдаа уйлж суух нь харагдах шиг, үр хүүхэд ач зээгээ тойруулж бужигнаж байхад баярлаад инээж байх шиг санагддаг даа. Амьд бурхан ээж минь хажууд байхад амьдрал бүтэн, ёстой л дундуур дүүрэн байдаг юм байна.

Арслан овогт Содномдаржаагийн Алтанцэцэг


Таван рубль  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй