
Ерөнхий сайд Кишида Фумио коронавирусний халдвар авсныг Японы засгийн газраас мэдэгджээ. Засгийн газрын албанаас мэдээлснээр, Кишида бямба гарагийн орой бага зэрэг халуурч, ханиалгаж байсан тул ням гарагийн өглөө PCR шинжилгээ өгсөн юм байна. Улмаар ням гарагийн үдээс хойш эерэг хариу гарсан тул тусгаарлагдан эмчилгээ хийлгэж эхэлжээ.
Засгийн газрын албаныхны мэдээлснээр, Кишида эхнэр болон гэр бүлийн бусад гишүүдийн хамт тусгаарлагдсан, харин халдвар хэрхэн авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Өдгөө 65 настай Кишида ерөнхий сайд сүүлийн нэг долоо хоногийн туршид зуны амралтаа эдэлсэн, өнөөдрөөс ажилдаа орох ёстой байжээ.
Гэвч одоо цахимаар ажиллаж магадгүй байна. Мөн энэ сарын сүүлээр болох “Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн бага хурал” арга хэмжээнд оролцохоо Тунис явах байснаа цуцалж, хуралд цахимаар оролцож магадгүй байгаа юм байна. Бас Ойрхи Дорнод руу хийх байсан айлчлалаа хойшлуулсан талаар NHK мэдээлж байна.
Сүүлийн үед Японд коронавирусний халдварын тохиолдлууд эрс нэмэгдээд байгаа юм. Мөн саявтар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэрэг дэлхийн бусад удирдагчид "Ковид-19"-өөр өвчилж, эдгэрчээ.
Японы Ерөнхий сайд Кишида коронавирусний халдвар авчээ | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.