Шууд Chart

С.Жамбалжамц тэргүүтэй дугуйчдыг “Олимпын алдар” одонгоор шагналаа

2022-09-06 09:39:49

Ийн Монголын дугуйчид нийт 1031 чансааны оноотой болж, дэлхийд 34 дүгээр байрт эрэмбэлэгдсэнээр мэргэжлийн ДАШТ-д анх удаа хоёр тамирчинтай оролцох эрх авсан.

Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж, Азийн чансаанд хоёрдугаар байр хүртэл дэвшсэн С.Жамбалжамц болон өнгөрсөн хавар Азийн АШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.  Уулзалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү, ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар байлцав.

Уулзалтын эхэнд Н.Болдхүү Монголын дугуйн холбооны үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлийн үр дүнд одоогийн амжилт гарч буйг онцолж, энэ амжилтаа 2023 онд бататгаж чадвал Парисын олимпод 1-2 эрх авах боломжтойг хэлэв.

Харин МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр амжилт гаргаж буй дугуйчдад баяр хүргээд бүх талаар дэмжиж туслахаа илэрхийллээ. Ялангуяа Олон улсын холбоотойгоо харьцахад нь ОУОХ-ны гишүүний хувиар дэмжлэг үзүүлэх болно гэв.

Монголын дугуйчид өнгөрсөн гуравдугаар сард Тажикстаны Душанбе хотноо болсон Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртэж, 1990 оны Азийн наадмаас хойших хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн.

Тухайлбал, өсвөрийн уралдаанд А.Даваажаргал хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц хүрэл, эмэгтэйчүүдийн элит ангилалд Ц.Солонго хүрэл, багийн уралдаанд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ тэргүүтэй Монголын баг мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл дээрх уулзалтын үеэр дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй тамирчин С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ, А.Даваажаргал, Ц.Солонго нарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Жамбалжамц тэргүүтэй дугуйчдыг “Олимпын алдар” одонгоор шагналаа  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй