Шууд Chart

Автомашингүй өдрөөр урлаг, спортын арга хэмжээ болно

2022-09-23 12:38:38

“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хүрээлэн буй орчин болоод нийгэмд авто машины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш тэмдэглэж ирсэн. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас автомашингүй өдрийг зохион байгуулаагүй бол энэ жил өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Манай улсын хувьд тус өдрийг амралтын өдөр буюу энэ ням гарагт зохион байгуулахаар сонгоод байна.

Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын арга хэмжээнүүд, сонгодог дуурийн тоглолт болохоос гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Мөн дүүргүүд төв талбайд асар засаж, хөтөлбөртэй арга хэмжээг зохион байгуулах аж. 

Автомашингүй өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагааг зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн биеийн тамир, спортын хороод, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран нийслэл, дүүргээс 10 спортын төрлөөр 20 тэмцээн зохион байгуулж, дүүргүүдийн асарт сурталчилгаа явуулах юм. Түүнчлэн секц, дугуйлан, фитнес клуб, усан бассейны бүртгэл явуулж, оролцогч иргэдийн дунд фитнес клуб, усан бассейны эрхийн бичиг хожих сугалаа зохион байгуулна.

Мөн 08:00 цагаас төв талбайгаас 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтийн гараа гарна. Тус гүйлтэд 5000 төгрөгийн хураамж төлж, бүртгүүлэх боломжтой. Гүйлтийн хураамжийн орлогыг МУИС-д сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг болгож олгох юм. Гүйлтэд “Hipay” аппликейшн болон сайтаар бүртгүүлэх боломжтой ба бүртгэл есдүгээр сарын 24-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн есдүгээр сарын 25-ны 15:00-17:00 цагийн хооронд 15 км зайд дугуйн парад явна. МУИС-ийн нэгдүгээр байрны үүдэнд Дугуйн парадад оролцогчдыг бүртгэж, 14 наснаас дээш иргэдийг хамруулах юм. Маршрутын хувьд МУИС-ийн нэгдүгээр байрнаас “Бөмбөгөр” худалдааны төв, “И-Март” Чингис салбар, Бөхийн өргөө, МУИС-ийн нэгдүгээр байр гэх чиглэлээр гүйнэ. Дугуйн парадад цахилгаан дугуй, скүүтертэй иргэдийг оролцуулахыг хориглосон байгаа” гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд мэдээллээ. 


Автомашингүй өдрөөр урлаг, спортын арга хэмжээ болно  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй