“Эл Жи Сингапур Органик Монголиа” ХХК нь Сингапур улсын технологиор хоногт 4 тонн органик бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг “Эмээлт” захын дэргэд байгууллаа.
Тус үйлдвэрийн технологи нь хоолны хаягдал, мал аж ахуй, шувууны аж ахуйн хаягдлыг 16 цагийн дотор органик бордоо болгон хувиргах боломжтой бөгөөд өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй юм байна.
“Эмээлт” малын захаас өдөрт 7 тонн орчим малын гаралтай хог хаягдал гардаг. Тус үйлдвэр эдгээр түүхий эдийг биотехнологийн аргаар боловсруулж, органик бордоо үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхээр зорьж байна.
Бордооны үйлдвэрийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар оролцож, үйлдвэрлэлийн удирдлага болон Сингапур улсын мэргэжилтнүүдтэй Монгол Улсад бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо.
“Эл Жи Сингапур Органик Монголиа” ХХК-ийн удирдлагууд био хаягдал боловсруулах органик бордооны үйлдвэрийг өргөжүүлэх, орон нутагт сүлжээ хэлбэрээр байгуулах, тахианы ферм, хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр үйлдвэрээ таниулах яриа, хэлэлцээр хийж байгаа аж.
Дэлхий нийтэд хүнс, хөдөө аж ахуйн салбарт дахин боловсруулж ашиглах боломжтой их хэмжээний органик хаягдал байдаг. Үүнийг улс орнууд ихэвчилэн бордоо болгон хувиргаж, газар тариалан, ногоон байгууламж, ойн аж ахуйд өргөн ашигладаг. Ялангуяа манай улсад малын гаралтай түүхий эд хаягдаж, байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг үр дагавар үзүүлдэг. Яамны зүгээс дээрх нөлөөллийг бууруулах, малаас гарч буй түүхий эдийг үнэ цэнтэй болгохыг зорьж буй юм.
Тиймээс органик бордооны нэр төрлийг нэмэгдүүлэх, газар тариаланд хялбар хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, судалгааны байгууллага, судлаачидтай хамтран ажиллахыг “Эл Жи Сингапур Органик Монголиа” ХХК-ийнханд зөвлөж, бодлогын хүрээнд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс газар тариалангийн салбарт жилд 100 гаруй мянган тонн бордоо шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байдаг ч чийг, тариаланчдын санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүний 20 орчим хувийг л хэрэглэж байна.
Тиймээс салбарын яамнаас цаашид хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан органик бордоо хэрэглэсэн тохиолдолд давуу байдлаар урамшуулал олгодог болох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
| Дэвшилтэт технологи бүхий органик бордооны үйлдвэр нээгдлээ | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.