Шууд Chart

Шинзо Абэгийн төрийн оршуулгын өмнө Токиод аюулгүй байдлыг чангатгажээ

2022-09-26 15:11:15

Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн төрийн оршуулгын ёслолд дэлхийн улс орнуудын нэр нөлөө бүхий хүмүүс цугларч байгаатай холбогдуулан Токиогийн цагдаагийн газар аюулаас хамгаалах арга хэмжээг эрс чангатгасан тухай NHK мэдээлж байна.

Токио хотын төв дэх Ниппон Будокан ордонд болох ёслолын ажиллагааны үеэр 20 мянга шахам цагдаагийн алба хаагч хамгаалалтад гарч ажиллах аж.

Абэ Шинзогийн төрийн оршуулгын энэ ёслолд 4300-аад хүн оролцох төлөвтэй юм. Үүнээс 700-аад нь гадаад улс орнуудын засгийн газрын өндөр албаныхан, алдар цуутай хүмүүс болон Токио дахь гаднын улсын Элчин сайд нар байна.

Энэ өдрүүдэд Япон улсын Ерөнхий сайд Кишида Фумио бусад улс орны 30 гаруй өндөр дээд албан тушаалтнуудтай уулзалт тусгайлан хийхээр товложээ.

Харин Японы иргэдийн дунд, 11,4 сая америк долларын өртөгтэй төрийн оршуулгын ёслолыг эсэргүүцэх хөдөлгөөн газар аваад байна. Санал асуулгуудаас харахад, тус улсын хүн амын талаас илүү хувь нь энэ төрийн оршуулгын эсрэг байр суурьтай байгаа юм байна.

Энэ 7 хоногийн эхээр Токио дах ерөнхий сайдын өргөөний гадаа нэг эрэгтэй энэ оршуулгын ёслолыг цуцлахыг шаардан өөрийгөө шатаах үйлдэл гаргасан бол даваа гарагт 10 мянгаад хүн нийслэлд жагсжээ. Нөгөө талаас, энэ үйл явдал дэлхий даяарх Японы холбоотнуудыг татсан арга хэмжээ болж байгааг ажиглагчид тэмдэглэж байна.

Оршуулгын ёслолд АНУ-аас Ерөнхийлөгчийн өмнөөс дэд ерөнхийлөгч Камала Харрис очиж байгаа бол, Сингапураас ерөнхий сайд Ли Сянь Лун, Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз өөрийн өмнөх гурван Ерөнхий сайдын хамтаар очиж байна.

Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Японы ерөнхий сайд асанд хүндэтгэл үзүүлэхээр Токио руу мордож байгаа юм байна.

Энэ дашрамд дурдахад, Японд төрийн оршуулгыг зөвхөн Эзэн хааны гэр бүлийн гишүүдэд зориулж үйлддэг боловч 1967 онд ердөө ганцхан удаа нэгэн улстөрчийг ийм төрийн ёслол хийж оршуулсан байдаг. Тиймээс Абэ агсанд төрийн ёслол үйлдэж байгаа нь түүний өндөр статусыг харуулж байгаа хэрэг юм.

Нөгөөтээгүүр, тэр цаг бусаар зэвсэгт халдлагад өртөж амиа алдсан, Япон улсын Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан, мөн 2 дугаар дайнаас хойш Япон улсын байр суурийг дэлхийд хамгийн ихээр таниулсан улстөрч гэж үнэлэгддэгтэй нь холбоотой орон нутгийн зарим хэвлэлүүд онцолж байна.


Шинзо Абэгийн төрийн оршуулгын өмнө Токиод аюулгүй байдлыг чангатгажээ   
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй