Шууд Chart

Ч.Цогтжаргал: 2023 онд хэд хэдэн ангид “Полигон” төсөл хэрэгжүүлнэ

2022-09-28 12:37:01

Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан

Бригадын генерал Ч.Цогтжаргал бүрэлдэхүүнд хандаж, цэргийн сургалт бэлтгэл, бэлэн байдал, хандлага, ёс зүй, манлайлал, ногоон байгууламж гэсэн хэд хэдэн сэдвийн хүрээнд тухайлсан чиглэлүүд өгөв. Тухайлбал, Хуурай замын цэргийнхний өмнө тавигдах гол шаардлагын нэг нь хандлагаа өөрчилж, хариуцлагаа нэмэгдүүлэх тухай гэж хамгийн эхэнд тодотгов.  Хэвшмэл байдлаас өөрийгөө аль болох чөлөөлж, асуудлыг томоор сэтгэж харах, ажил, албандаа хүрэх зорилгоо өргөн хүрээгээр нь тодорхойлж, үүний төлөө хичээл, чармайлалттай байхыг санууллаа.

Ялангуяа, бид цэргийнхэн гэхээр “хайрцаглагдаж” асуудал бүрт нэг тогтсон ойлголттой, үүнээс өөр гарц, гаргалгаа байхгүй гэж өрөөсгөл хандаж хэрхэвч болохгүй. Энэ нь залуу офицер, ахлагч нарын өөрийгөө хөгжүүлэхэд зарим талаараа сөрөг нөлөө үзүүлж, “урсгал”-аараа явах зам мөрийг нь нээж өгч байна. Тэгэхээр нийгмийн хөгжлөө дагаад өөрийгөө дайчлах, сурган дадлагажуулах, асуудал бүрт олон талын гарц гаргалгаа, шийдэл байдгийг санаж, хэвшмэл ойлголтоос ангижрах хэрэгтэй.

Мэдээж цэргийн албаны үйл ажиллагаа Цэргийн нийтлэг дүрмийн хүрээнд явагдах бөгөөд гагцхүү аливаа асуудалд хандах хандлагаа өөрчлөх нь зүйтэй. Үүнийг Хуурай замын цэргийнхнээс командлалын бие бүрэлдэхүүн та бүхэн манлайлан эхлүүлэхийг уриалж байна.

Хоёрдугаарт, цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлага байна. Цэргийн сургалтаа мэдлэг, дадлага, чадвартай бие хүнийг төлөвшүүлэхэд чиглүүлэн явуулах нь бидний өмнө тавигдаж байгаа зорилго. Үүний тулд сургалтын агуулгаа өөрчилж, 2023 онд харьяа хэд хэдэн ангид “Полигон” төсөл хэрэгжүүлнэ. Энэ нь хүн нэг бүрийн бэлтгэлийг сайжруулахад чиглэх бөгөөд Хуурай замын цэрэг хэмээх их айлын алба хаагч бүрт хамаатай.

Гуравдугаарт, 2022-2023 оны сургуулийн жилд Хуурай замын цэргийн командлал болон харьяа нэгтгэл, ангиудынхаа байрлал, орчин тойрныг бүхэлд нь “Ногоон төгөл-Эко хотхон” болгоно. Бидэнд цэцэрлэгжүүлж, ногоон төгөл болгож чадах боловсон хүчин нь байна, боломж бололцоо нь бүрэн дүүрэн байна. Гагцхүү ажил хэрэг болгож, алба хаагчдынхаа ажиллах орчныг сэргээн сайжруулахад хөдөлмөр, зүтгэл, сэтгэл шаардлагатай байна хэмээгээд үргэлжлүүлэн цэргийн алба, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга хариуцлага, ёс зүй зэрэг олон асуудлаар үүрэг өгсөн юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Ч.Цогтжаргал: 2023 онд хэд хэдэн ангид “Полигон” төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй