Шууд Chart

Хэвлэл мэдээллийн салбарын стартап дөрвөн төслийг 100 сая төгрөгөөр дэмжлээ

2022-09-29 17:35:42

Хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой, бие даасан бизнес загвар нутагшуулах “Урагш алхъя” төслийн анхны дөрвөн төгсөлтийн баг өчигдөр батламжаа гардан авлаа. Уг төслийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дэмжиж, Spirit of America байгууллагын санхүүжилтээр People in need Mongolia /Пипл Ин Нийд - Монгол/ болон Үүр төв /Nest Mongolia/ хэрэгжүүлж байгаа аж.

“Урагш алхъя” төслийн хоёрдугаар шат, хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлэх бизнес загварын санааны шалгаруулалтад нийт 692 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 21 төсөл материалаа хүргүүлсэн байна. Эдгээрээс хэрэгжих боломжтой, бодитоор тооцоолсон, мөн давтагдашгүй санаа гаргасан дөрвөн төслийг шалгаруулан, сургалт, менторшип хөтөлбөрөөр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг нь боловсронгуй болгох зургаан сарын аяллын дараа ийнхүү зах зээлд байршиж, цааш өөрсдөө бие даан хөгжих боломжтой болжээ.

Төслүүдийг дурдвал, Төрөлжсөн, чанартай мэдээллээр дамжуулан иргэдийн эрүүл, баталгаат хэрэглээг дэмжих хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн платформ бий болгох зорилготой Agroshop.mn төсөл, зорилтот бүлэгт хэрэгцээт мэдээллийг хүргэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой Songino.info мэдээллийн сайт, охидод сэтгэл зүй, бэлгийн боловсрол олгох контент, мэргэжлийн экспертүүдийн зөвлөгөө, мэдээлэл бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийгэмд бодитой өөрчлөлт авчрах зорилготой “Охидын подкаст” төсөл, крипто зах зээлийн бодит мэдээлэл, түүнийг ойлгох онол арга зүйг инфографик, постер, богино тайлбар видеогоор хүргэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой Graph.mn сайтын “Криптограф” төсөл юм.

Эдгээр төсөлд гарааны санхүүжилт олгож, олон улсад шинээр нэвтэрсэн бизнес загварын сургалтыг Монголд нутагшуулан төслийн багийнханд орж, бүтээгдэхүүнийг туршиж, сайжруулалт хийхэд чиглүүлсэн сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв /Nest Mongolia/ ТББ дараа жил “Урагш алхъя-2” төслөө хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар “Nest Mongolia” төвийн тэргүүн Б.Дуламхорлоо төслийн санхүүжүүлэгч Spirit of America байгууллага Монголын хэвлэл мэдээллийн экосистемийг эрүүлжүүлж, хараат бус, бие даасан байгууллага бий болгохын төлөө дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг хэлэв. Цаашид хөдөө орон нутагт буюу 21 аймаг тус бүрт жилд дөрвөн стартап бойжуулан гаргахын төлөө ажиллана гэлээ.

Дээрх арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Жон Браун, People in Need байгууллагын Монгол Улс дахь салбарын захирал Тим Женкинс нар оролцож, АНУ-ын Spirit of America байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан төслийн менежер Данни Сантос онлайнаар үг хэлж, төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн юм. Мөн сэтгүүл зүйн салбарын хөгжлийн төлөө “Урагш алхъя” төслийн цаашдын үйл ажиллагааг дэмжиж тус арга хэмжээнд зочилсон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, эрхлэгч, сэтгүүлч нар сэтгүүл зүйн мерч бүтээгдэхүүн худалдан авах, сайн дураараа хандив өргөх зэргээр дараа дараагийн медиад дэмжлэг үзүүлэх олон нийтийн дундын санд анхны гурван сая төгрөгийг босгожээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хэвлэл мэдээллийн салбарын стартап дөрвөн төслийг 100 сая төгрөгөөр дэмжлээ  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй