Шууд Chart

Л.Мөнхөө: Би үйлчлүүлэгч нартаа “Манайх хөдөлмөр амталгааны газар” гэж хэлэх дуртай

2022-10-06 07:54:18

MNB.mn сайт “Редакцын зочин” буландаа

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцахаар ирсэнд баярлалаа. “Samushil” хөдөлмөр зуучлалын фирмээ байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Баярлалаа. Би 1997 оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгос улс руу яваад 11 жил ажиллаж, амьдраад 2008 оны арванхоёрдугаар сард сайн дураараа эх орондоо ирсэн. Тухайн үед БНСУ-руу явсан минь их оносон гэж боддог. 1990-ээд онд монголчууд гадаад руу явах, ажиллаж амьдрах боломж нээгдэж байсан үе. Би БНСУ-руу аяллын виз мэдүүлж бусдын жишгээр ажил хийж орон сууц, автомашины мөнгө хуримтлуулахаар явсан. Очоод аяллын визний минь хугацаа дууссаны дараа хүмүүсийн хэлдгээр “харлаад” тэндээ үлдэж төрөл бүрийн ажил хийсэн. Би анхандаа Өмнөд Солонгост тогтмол ажилтай байсан. 1997 онд эхэлсэн Зүүн Азийн санхүүгийн хямралд БНСУ өртөхөд тус улсад эдийн засгийн маш том хүндрэл үүссэн. Ард түмэн нь улсынхаа эдийн засгийг сэргээн босголцохоор алтан эдлэлээ улсдаа тушааж байсан үе л дээ. Үйлдвэрүүд хаагдаж, иргэд нь ажлын байргүй болсон. Зүүн Азийн санхүүгийн хямрал эхэлснээс 4-5 жилийн дараа БНСУ-ын эдийн засаг сэргэсэн. Эдийн засаг нь хямарсан үед хэрэгжүүлсэн олон бодлогын нэг нь нэг өдрийн ажлын байр байсан. Өмнөд Солонгосчууд ажлыг хийлгэсэн шиг хийлгэдэг, цалин мөнгийг нь ч хангалттай өгдөг. Хөдөлмөрийн зах зээлийг зөв зохион байгуулалтад оруулчихвал хүн болгон ажилтай, орлоготой амьдарч болдог үүнийг дагаад өрх айлаас авхуулаад улс орны эдийн засаг ч сэргэдэг гэдгийг би БНСУ-аас олж харсан.

2018 онд Монголдоо ирээд барилгын салбарт компани байгуулж ажиллаж үзлээ. Өөр олон ажил хийсэн. 2012 онд одоо ажиллуулж буй хөдөлмөр зуучлалын фирмээ нээгээд ажиллуулсан. Даанч тухайн цаг үеийн нөхцөл байдал тохироогүй, хүмүүс ч хүлээж аваагүй. Дараа нь 2018 оны дөрөвдүгээр сард хөдөлмөр зуучлалын фирмээ “Samushil” гэж нэрлээд дахин ажиллуулж эхэлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зөвшөөрлөө аваад хоёр жил тутамд сунгаад өдгөө тав дахь жилдээ ажиллаж байна. “Samushil” нэрээ Оюуны өмчийн газар хандаад холбогдох эрхээ аваад баталгаажуулсан.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮМҮҮСИЙН ДУНД ҮНЭНДЭЭ АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛТОЙ МАШ ОЛОН ХҮН БИЙ

-Та БНСУ-ын хөдөлмөр зуучлалын салбарын ямар жишгийг Монголд нутагшуулахаар зорьж байна?

-Монголчуудад гадаад руу чөлөөтэй зорчих боломж нээгдэхэд маш олон хүн БНСУ-д очиж ажилласан. Самушил гэдэг нь солонгосоор оффис гэсэн үг л дээ. Гэхдээ монголчууд БНСУ-ын хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг газруудыг самушил гэж нэрлээд тогтчихсон. Самушил гэхээр орой нь ажлаа дуусаад цалингаа авдаг нэг өдрийн ажлын байранд зуучилдаг газар гэсэн ойлголттой болчихсон. Тийм дээ ч манайд ханддаг хүмүүс “Танайх БНСУ-ын самушилтай яг адилхан үйлчилгээ үзүүлдэг үү” гэж асуудаг. БНСУ-д мэргэжилтэй хүний нөөц нь мэргэжлээрээ тогтмол ажлын байранд ажилладаг. Харин туслах ажилчдад зориулсан тогтмол ажлын байр гаргах нь ажил олгогчид санхүүгийн болон бусад олон талаар өндөр зардалтай байдаг. Харин самушил туслах ажилчдыг байгууллага, ААН-д хэрэгтэй үед нь холбож өгч байгаа нь маш зөв санагдсан. БНСУ-д мөн самушилыг ихэвчлэн тэтгэвэрт гарсан эрчүүд ажиллуулдаг.

Улаанбаатар хотын хэмжээнд өмнө нь ажил идэвхтэй хайж буй 10 мянга гаруй хүн байсан бол одоо 8000 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг. Ажил хайж буй хүмүүсийн дийлэнх нь мэргэжилгүй эсвэл тогтмол ажлын байранд тавигддаг шаардлагыг давдаггүй, биелүүлэх боломжгүй байдаг. Манай “Samushil” хөдөлмөр зуучлалын фирм ажил олгогч 1500 орчим аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаас гадна хувь хүмүүсээс, тэр дундаа гадаадад байгаа монголчуудаас “орон сууц, хашаа байшиндаа засвар хийх гэсэн юм” гээд ажлын захиалга ирдэг. Үүнээс харахад эрэлт хэрэгцээ маш их байгаа. Анх би Улаанбаатар хотод хөдөлмөр зуучлалын фирмийн хоёр салбар байхад л хангалттай гэж харж байсан бол одоо манай фирм Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт нийт найман салбартай болсон. Цаашдаа Улаанбаатар хотын хэмжээнд буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийг оролцуулаад нийт 14-18 салбар нээж ажиллуулах ёстой юм байна гэж харж байгаа.

-Танайх өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнийг нэг өдрийн ажлын байранд зуучилсан бэ?

-Анх 2018 онд хоёр салбартай байхад давхардсан тоогоор 15386 хүн, харин 2019 онд 41035 хүн манайхаар нэг өдрийн ажилд зуучлуулж, цалин орлого авсан. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай жилүүдэд буюу 2020 онд 19886, 2021 онд 33825, энэ 2022 он гарснаас хойш есдүгээр сарын 5-ны байдлаар 39125 хүн нэг өдрийн ажил хийж, цалин орлого авчээ. Он дуустал энэ тоо нэлээд өснө гэж харж байна.

Ихэнх ажлын байранд 40-өөс доош насны хүмүүсийг хайдаг. Нөгөө талд 40-өөс дээш насныхан ажил хийх боломж хомс болж байна. Тэгвэл энэ насныхан манай хөдөлмөр зуучлалын фирмд хандсанаар өдөр болгон ажилтай, орлоготой байх боломж нээгдэж байгаа. Төр засаг, олон нийт зорилтот бүлэг гээд тодорхойлоод байдаг хүмүүс дунд үнэндээ ажил хийх сонирхолтой маш олон хүн бий. Энэ бүлгийн хүмүүсийг халамжаар амьдрах сонирхолтой гээд олон нийт дүгнээд байдаг. Гэтэл үнэндээ тэд өөрт тохирсон ажлын байраа ямар нэгэн байдлаар олдоггүй, олсон ч түрүү хэлсэнчлэн тогтмол ажил хийх боломжгүй эсвэл зарим ажил олгогч 5-10 хоног бүр нэг сар ажиллуулчихаад цалин мөнгийг нь өгөөгүй зэрэг хүндрэл байдаг учир ажил хийх гэхээр үл ойлголцол, үл итгэлцлийн хана хэрэмтэй нүүр тулдаг. Хэрвээ зөв зохицуулалт хийвэл тэд ажил хийх сонирхолтой, бүрэн дүүрэн чадвартай. Тухайлбал, гэртээ хүүхдээ хардаг, өндөр настан, гэр бүлийнхээ өвчтэй гишүүнийг асардаг хүмүүс байдаг. Тэд тогтмол ажлын байранд ажиллах боломжгүй. Тэгвэл энэ хүмүүс нэг нэг өдрөөр ажлаа хийгээд цалин авах боломж байна.

Манайхаар 2018 онд үйлчлүүлж байсан хүмүүсээс одоо ганц нь ч ирдэггүй. Тэднийг өдөр бүр өөр өөр олон янзын ажил хийсээр байгаад өөрийн чаддаг, дуртай ажлаа олоод тогтмол ажлын байртай болчихсон гэж боддог. Би үйлчлүүлэгч нартаа “Манай байгууллага бол хөдөлмөр амталгааны газар. Та нар өөр өөр ажил хийгээд үз. Таалагдсан ажлаа ол. Тэндээ ажилла. Хэрвээ тэр ажил чинь хэсэг хугацааны дараа таалагдахгүй бол дахиад хүрээд ир” гэж хэлдэг. Одоо манайхаар 2020 оноос хойш үйлчлүүлж байгаа хүмүүс хамгийн удаан хугацаанд үйлчлүүлж байна. Тэд ч гэсэн удахгүй өөрийн чаддаг, дуртай тогтмол ажилдаа орох байх.

Мөн дөнгөж ажил хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн хүмүүст ажлын байр олох хэцүү байдаг бол манайхаар дамжин хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч, ажлын дөр, туршлага суух, хангамж сайтай, дуртай тогтмол ажлын байраа олох боломж нээгддэг. Хэрвээ хүссэн ажлын байраа олж чадахгүй байлаа гэж бодоход өдөр бүр ажилтай, орлоготой болно. Ер нь л хүмүүс ам сайтай байгаа, “Танай хөдөлмөр зуучлалын фирм нээгдээгүй байсан бол өдийд яах байснаа мэдэхгүй байна” гээд баярласан талархсанаа хэлдэг.

Нөгөө талд байгууллага, аж ахуйн нэгжүүд манай фирмд хандсанаар туслах ажилчин хайх цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэнэ.

ЭРЭГТЭЙ ТУСЛАХ АЖИЛЧИН ӨДӨРТ ДУНДЖААР 70 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙГАА

-Ажил олгогчдоос ихэвчлэн ямар ажил хийлгэхээр туслах ажилчин хайдаг вэ. Мөн цалин нь дунджаар ямар үнэлгээтэй байгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүд өгөөч?

-Манай хөдөлмөр зуучлалын фирм 2018 онд нээгдэхэд нэг өдөр ажиллах туслах ажилчны өдрийн цалин дунджаар 30 мянган төгрөг байсан бол одоо эрэгтэй туслах ажилчин өдөрт дунджаар 70 мянган төгрөгийн цалин авч байгаа. Манай хөдөлмөр зуучлалын фирм ажил хайгч иргэн хэдэн ч төгрөгийн цалин авсан нэг өдөрт нэг мянган төгрөгийн л үйлчилгээний хураамж авдаг. Мөн харилцагч байгууллага, аж ахуйн нэгжээс үйлчилгээний хураамж авдаг.

Анх манай хөдөлмөр зуучлалын фирм 06:00 цагт нээдэг байсан. Улаанбаатар хотын нийтийн тээвэр бүх урсгал, чиглэлд эрт явдаггүйгээс үүдэн одоо 07:00 цагт нээж байгаа. 18 болон түүнээс дээш насныхан манай фирмд хандах боломжтой. Манай хөдөлмөр зуучлалын фирмийн 77777470 утас руу холбогдоод өөрт ойрхон салбар руугаа яваад очиж болно. Манайд ихэнхдээ 40 болон түүнээс дээш насны ажил хайсан хүмүүс ханддаг. Харин зуны улиралд оюутан, залуучууд ихээр ханддаг. Оюутнуудтай гурван сар ажиллах гэрээ байгууллагууд төдийлөн хийдэггүй юм билээ. Тиймээс оюутнууд зуны амралтаараа манай фирмд хандаж ажилладаг.

БНСУ аж үйлдвэржилтийн орон болохоор үйлдвэрийн туслах ажлын байрууд их байдаг. Харин Монголд бүтээн байгуулалт ихээр өрнөж байна. Тиймээс Монголд барилга, замын бүтээн байгуулалт дээр биеийн хүчний ажил хийх эрэгтэй туслах ажилчин эрэлттэй байна. Харин ресторан, зочид буудал, сүлжээ дэлгүүрүүд сав баглаа боодол, цэвэрлэгээний ажил хийх эмэгтэй туслах ажилчин хайдаг.

Манай хөдөлмөр зуучлалын фирм ирэх хавраас мэргэжилтэй ажилтны хөдөлмөр зуучлалын үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байна. Жишээлбэл, гагнуурчингүй үйлдвэр, аж ахуйн нэгжид тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл гараад гагнуур хийлгэх шаардлага гарлаа гэж бодоход манай фирм мэргэжлийн гагнуурчныг зуучилж өгөх юм.

Цаашдаа улсын хэмжээнд 10-30 хоногийн хөдөлмөр зуучлалын үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байна. БНСУ-д ажил олгогч нь байрлах байр, хоол унд бусад асуудлыг нь зохицуулдаг ийм хөдөлмөр зуучлалын үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын иргэд орон нутагт, орон нутгийн иргэд нийслэлд болон бусад аймаг, суманд ажиллах боломжтой болно.

-Танайхтай адилхан үйлчилгээ үзүүлдэг газрууд Улаанбаатар хотод бий юу?

-Монголд энэ төрлийн хөдөлмөр зуучлалын үйлчилгээг би эхлүүлээгүй байсан ч өөр хүмүүс эхлүүлэх л байсан. Манайхтай адилхан үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага бий. Манай онцлог гэвэл анхдагч, мөн манайхаас өөр найман салбартай нэг өдрийн хөдөлмөр зуучлалын байгууллага байхгүй гэж бодож байна.

Би хөдөлмөр зуучлалын салбарын ирээдүйг их томоор хардаг. Монгол Улсын эдийн засаг цаашдаа сэргэнэ. Туслах ажил хийхээр гадаадын зарим орноос Монголд хүмүүс ирнэ. Тэгэхээр цаашдаа манай фирм болон адил төстэй хөдөлмөр зуучлалын газрууд гадаадын иргэдэд ч үйлчилгээ үзүүлнэ гэж боддог.

ЭМЭГТЭЙЧҮҮД АЖИЛ ХИЙХ ЧИН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ Ч ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН АЖЛЫН БАЙР МАШ ХОВОР БАЙНА

-Хөдөлмөр зуучлалын салбарт ажиллахад ямар саад бэрхшээлүүд тулгарч байна. Та хэрхэн шийдэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, Монгол эмэгтэйчүүд ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй ч эмэгтэй хүмүүст зориулсан ажлын байр маш ховор байна. Тиймээс манай хөдөлмөр зуучлалын фирм ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжүүдийг эмэгтэй ажлын байр аль болох ихийг гаргаарай гэж уриалдаг. Хоёрдугаарт, Манай хөдөлмөр зуучлалын фирм найман салбартай гэж би хэлсэн дээ. Үйлчилгээний зориулалтаар оффис түрээслэхэд гаднаас орж ирсэн хүн хэрэглэж болох ариун цэврийн өрөө байхгүй, өглөө олон хүн цуглуулах боломжгүй зэрэг нэлээд олон асуудал байдаг. Яг хүссэн, хайсан оффис олдсон ч түрээс нь маш өндөр үнэ төлбөртэй. Тиймээс хөдөлмөр зуучлалын фирмийнхээ салбаруудыг нэгдсэн стандарттай болгомоор байна. Гэвч энэ миний хувьд ахадсан ажил. Хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхэд салбар яамнаас мөнгөн дэмжлэг олгодог. Манай хөдөлмөр зуучлалын фирм анхнаасаа улсаас мөнгөн дэмжлэг авахгүй байхаар тохирсон. Хэрвээ нийслэлээс, салбар яамнаас, төрөөс зөөврийн оффис авахад болон байрлуулах газрыг нь түрээслэхэд дэмжээд өгвөл хөдөлмөр зуучлалын фирмийнхээ салбаруудыг нэгдсэн стандарттай, тав тухтай, илүү тохитой болгомоор байна.

Үүнээс гадна ажил хийхээр манай фирмд хандаж буй хүмүүст ирэх жилээс өглөөний цай, цаашдаа оройн хоолны үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Учир нь ажил хийхээр өглөө ирж буй хүмүүс ихэнхдээ өглөөний цайгаа уугаагүй байдаг. Тиймээс ажлаа хийчихээд цалин хөлснөөсөө өглөөний цай, оройн хоолныхоо төлбөрийг төлчихдөг ийм үйлчилгээтэй байвал зүгээр санагдсан. Цаашдаа бодож, төлөвлөсөн олон зүйл бий.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Л.Мөнхөө: Би үйлчлүүлэгч нартаа “Манайх хөдөлмөр амталгааны газар” гэж хэлэх дуртай  
Үзсэн: 2730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-08 23:20
Сайн
зочин [127.0.0.xxx] 2022-10-20 16:11
Мундаг залуу байна ажлын өндөр амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2022-10-13 11:11
(y)(y)(y)(y)(y)

Бидэнтэй нэгдээрэй