Шууд Chart

“Монголын олимп”-оор олон дээд амжилт шинэчлэгджээ

2022-10-06 18:04:50

Дөрвөн жилд нэг удаа болдог тул Монголын бүх ард түмний спортын наадмыг “Монголын олимп” хэмээн нэрлэдэг.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Монголын бүх ард түмний спортын XV наадам болж өндөрлөсөнтэй холбогдуулан өчигдөр цахим уулзалт зохион байгуулж 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороо, газрын удирдлагууд оролцож, мэдээлэл сонсов. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн наадмын тамирчдын оролцоо өндөр байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимп, дифлимпын спортын таван төрлийг наадмын хөтөлбөрт багтаасан нь онцлогтой.

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнийг зохион байгуулах хороог 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдын 99 дүгээр захирамжаар дахин шинэчлэн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахад БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан удирдан ажилласан юм. Шигшээ тэмцээнийг БТСУХ-ны Зохион байгуулах ажлын алба бүрэлдэхүүн наадмын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган 2022 оны А/168 дугаар тушаалаар 427 сая төгрөгийн зардлаар санхүүжүүлсэн байна.

Энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнийг 435 шүүгч дэнсэлсэн бол 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4075 тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлджээ. Наадмын шигшээ тэмцээнээс медаль хүртсэн 1201 тамирчин, дасгалжуулагчдад 1.161.500.000 төгрөгийн мөнгөн шагналыг нэгтгэн жагсаалтыг гарган 2022 ондоо багтаан санхүүжилтийг хийх аж.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан “Спортын наадмын шигшээ тэмцээнд уран хурц барилдаан, оюун ухааны өндөр чадвар, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөх тамирчдаа бэлтгэн оролцуулсан аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын удирдлагууд, хамт олонд талархал илэрхийлье” хэмээн хэлсэн үгэндээ тодотгожээ. Тэрбээр Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээнд хамгийн өндөр оролцоо (Орхон-269, Дархан-208, Өмнөговь аймаг 189, Баянгол-271, Баянзүрх 216, Чингэлтэй дүүрэг 207)-той оролцсон аймаг, дүүргүүдийг сайшаав.

Уг хурлын үеэр Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээний дэвшилттэй талуудыг онцолж, шударга өрсөлдөөн, цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг шинэчлэх шаардлагатай гэсэн санал гарав. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлүүдийн тэмцээн уралдааны хоногийг зөрүүлэх санал тавьсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Монголын олимп”-оор олон дээд амжилт шинэчлэгджээ  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй