Шууд Chart

Шахбаз Хан: ЮНЕСКО МҮОНРТ-тэй маш өргөн хүрээнд хамтран ажиллана

2022-10-10 13:52:52

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчдийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар тэргүүтэй Захирлуудын зөвлөл, алба, хэлтсийн удирдлагууд, продюсерууд хүлээн авч МҮОНРТ-ийн үнэт үзмэр, радио, телевизийн “Алтан сан” хөмрөг, архивыг танилцууллаа. Монгол Улсад радиогийн салбар үүсэн байгуулагдсаны 88, телевизийн салбар үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр буюу Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой өнгөрсөн сард тохиосон. 88 жил Монголын түүхийг бичилцэж буй, 88 жил Монгол Улсаа дэлхийд сурталчилж буй, 55 жил Монголын түүхийг тэмдэглэж буй, 55 жил Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилж байгаа МҮОНРТ-ийн үнэт үзмэр, радио, телевизийн “Алтан сан” хөмрөг, архивт Монгол Улсын болон дэлхий дахины түүх, шинжлэх ухаан, соёл зэрэг олон салбарын үнэлшгүй ховор өв, баримт, сан хөмрөг хадгалагдаж байгаа юм.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Алтан сан” хөмрөг, архивын “Аналог хальсны сан хөмрөгийг тоон хэлбэрт шилжүүлэх, архивын үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийг ЮНЕСКО-ийн Монгол дахь салбараар дамжуулан танилцуулсныг дэмжиж, өргөн хүрээнд хамран ажиллах болсонд нийт хамт олон болон Монголын сонсогч, үзэгчдийн өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн Монгол өв соёлоо дэлхий дахины үзэгчдэд хүргэх МҮОНРТ-ийн зорилтын хүрээнд Монголын контемпорари уран бүтээлчидтэй хамтран олон улс руу экспортлох зорилгоор бүтээсэн “Нүүдэлчин зөн” цувралын танилцуулгыг ноён Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчдөд үзүүлж танилцуулсан юм.

Энэ үеэр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан: “МҮОНРТ үнэт “Алтан сан” хөмрөг, архиваа өөрсдийн бүх нөөц бололцоогоороо хадгалж, хамгаалж байгаад маш их баяртай байна. МҮОНРТ-ийн “Алтан сан” хөмрөг, архивын “Аналог хальсны сан хөмрөгийг тоон хэлбэрт шилжүүлэх, архивын үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийг ЮНЕСКО-ийн Монгол дахь салбараар дамжуулан танилцуулсныг бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдэж байна.

Мөн “Нүүдэлчин зөн” цувралын маш товч танилцуулгыг үзэхэд энэ цувралыг бүтнээр нь үзмээр санагдлаа. Мөн надад төрсөн хамгийн анхны сэтгэгдэл бол  “Нүүдэлчин зөн” цуврал жинхэнэ Монгол уран бүтээл болжээ.

Цаашид ЮНЕСКО МҮОНРТ-тэй маш өргөн хүрээнд хамтран ажиллана гэж харж байна” хэмээсэн юм.

Түүнчлэн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт зочноор оролцож ярилцлага өглөө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шахбаз Хан: ЮНЕСКО МҮОНРТ-тэй маш өргөн хүрээнд хамтран ажиллана  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-10-13 13:16
wow nice

Бидэнтэй нэгдээрэй