
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз уран бүтээлийн чанараа сайжруулахын тулд уран бүтээлчдээ хөгжүүлэх, дэмжиж, урамшуулах зорилгоор энэ оныг “Сургалт хөгжлийн жил” болгон зарлаж уран бүтээлч, ажилтнууддаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд уран бүтээлч, ажилтнуудаа гадаадын багш нарын сургалтад хамруулах, цаашлаад гадаадын улсад сургах чиглэлээр судалж, гадаад харилцаагаа өргөжүүлж, эхнээсээ нь ажил хэрэг болгосон.
МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны саналын эрхтэй гишүүн бөгөөд тус холбооны бусад гишүүн радио, телевизийн байгууллагуудтай сэтгүүлч уран бүтээлчдээ сургах хөгжүүлэх, техник технологийн төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар гадаад харилцаандаа нэлээд анхаарал хандуулж байгаа юм.
Энэ хүрээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны сургагч багш, Солонгосын EBS Docs телевизийн ерөнхий продюсер Хун Сук Чуныг өчигдөр хүлээн авч уулзлаа. Үргэлжлүүлэн
Уг онол, туршлага хосолсон хоёр өдрийн сургалтаар “ABU - 2022”, “Prix jeunesse - 2022” олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг задлан шинжилсэн бөгөөд энэ дунд МҮОНТ-ийн найруулагч, “Prix jeunesse – 2022” уралдааны оролцогч Л.Ариунжаргалын “Хөдөөний хүү”, Н.Байгалмаагийн “Хайр” бүтээл багтсан юм.
“Хүүхдэд зориулсан чанартай контент бүтээх нь” сургалт өндөрлөсний дараа Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Н.Байгал Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны сургагч багш, Солонгосын EBS Docs телевизийн ерөнхий продюсер Хун Сук Чунд онол, туршлагын мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцсанд талархал илэрхийллээ. Мөн Солонгосын EBS Docs телевизтэй цаашдаа илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, тэр дундаа хамтарсан уран бүтээл туурвих, албан ёсны эрхтэйгээр уран бүтээл солилцох тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар ярилцлаа.
Ташрамд дуулгахад, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны сургагч багш, Солонгосын EBS Docs телевизийн ерөнхий продюсер, АНУ-ын Манчестер Метрополитан их сургуулийн философийн доктор (Ph.D), ABU Малайз салбарын олон улсын хамтарсан төслүүдийн ахлах менежер Хун Сук Чун 2010 оноос хойш МҮОНРТ-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос Азийн таван улсын хамтарсан баримтат киноны төслийг MNB-тэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
МҮОНТ-ийн уран бүтээлчид Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны сургалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.