
Европын холбооны эрх баригчид эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулахад байр сууриа нэгтгэх үүднээс дээд хэмжээний уулзалт хийж байна. Европын холбооны эрх баригчид 450 гаруй сая хүн амтай ард түмнээ энэ өвөл эрчим хүчний хомсдолд оруулчихгүйн төлөө нэгдмэл байр сууринд хүрэхийг эрмэлзэж байгаа. Гэвч Европын холбооны зарим улс байгалийн хийн худалдан авалтаа нэмэгдүүлэх, хийн үнэнд түр зуур дээд хязгаар тогтоох дээр одоогоор нэгдмэл биш байна.
Европын холбоо өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украин руу цэргээ оруулсны дараа ОХУ-ын эсрэг эдийн засгийн олон үе шаттай хориг арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Харин нөгөө талд Европын эрчим хүчний гол нийлүүлэгч ОХУ Европ руу газрын тос, байгалийн хий дамжуулдаг хамгийн гол хоолойнуудыг тодорхой шалтгаан зааж хаагаад байна.
Одоо Европын холбооны дийлэнх улс орнуудын эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгах, эрчим хүчний нийлүүлэлтээ төрөлжүүлэх чиглэлд энэхүү дээд уулзалтаар санал нэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Харин Оросын эсрэг хориг Владимир Путиныг бус Европын ард иргэдийг хохироож байна гэж үзэж байгаа Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан дээд хэмжээний уулзалтын үеэр эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж магадгүй байна.
Үүний зэрэгцээ дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралд нийтлэг хариултыг ч Европын холбоо эрэлхийлж байгаа. Герман, Нидерланд улс холбооны дийлэнх улсууд хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа байгалийн хийн үнэнд дээд хязгаар тогтоох саналын талаар томоохон асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн.
Иймээс хоёр өдөр болох Европын холбооны дээд уулзалт нэлээн ширүүн болох байх гэж зохион байгуулагч Шарль Мишель мэдэгджээ.
Европын холбоо эрчим хүчний үнийн асуудлаар байр суурь хуваагдмал байна | ||
Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.