
Тус семинарт Олон улсын олимпын хороо, Үндэсний олимпын хороодын холбоод, НҮБ, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, туршлага мэдээлэл солилцож байна.
Семинарт нийт 42 Үндэсний олимпын хороо төлөөлөгчөө илгээсний дотор 36 төлөөлөгч нь тухайн ҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүн аж.
Семинарын нээлтэд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах видео мэндчилгээ илгээсэн бол АОЗ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Синг, Бахрейны ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Халид бин Хамад Аль Халифа, АОЗ-ийн Жендэрийн тэгш байдал комиссын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцож байна.
АОЗ-өөс “Ази тивд спорт дахь эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, дэмжих асуудлыг бүх талаар дэмжиж, зөвхөн спортын талбарт биш спортын байгууллага, үйл ажиллагааны түвшинд мэдээллээр хангах, боловсрол олгох, чадавхжуулах, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд туслах ажлыг анхан шатнаас нь эхлэн хэрэгжүүлэх болно” гэж мэдэгдэв.
Саяхан болж өнгөрсөн ҮОХХ-ны хурлын үеэр Удирдах зөвлөлд Ази тивээс нэр дэвшүүлсэн таван хүний гурав нь эмэгтэй хүн байсан нь АОЗ-өөс эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж буйг, олимпын хөдөлгөөний оргилд нь хүрэх үүд хаалга бүгдэд нээлттэй байгаагийн илрэл болж байна гэж АОЗ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Рандхир Синг тодотгов.
Тус семинарт оролцогчид спортын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг онцлон тэмдэглэж, эдгээр бэрхшээлийг даван туулахад төлөөлөгчид болон ҮОХ-д хамтран ажиллах, зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, өөрийн улсад жишиг болоод буй сайн туршлагаа хуваалцах зэрэг чухал сэдвээр хамтран ажиллаж байна.
МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос АОЗ-тэй хамтран хэрэгжүүлсэн “Олимпизмоор дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” төсөл хөтөлбөрийн тайланг семинарт оролцогчдод танилцууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд тамирчид /8 спортын 25 залуу тамирчин/, дасгалжуулагчид болон спорт холбоодын эмэгтэй менежер, нарийн бичгийн нарт сургалт семинар /11 спорт холбооны 20 төлөөлөл/ зохион байгуулсан байна.
Мөн ЕБС-ийн 12-18 насны 380 гаруй сурагчийн дунд олимпын наадамд оролцсон болон олимпын медальт эмэгтэй тамирчдыг алдаршуулах, спортыг сурталчлах чиглэлээр спортын холбоодтой хамтран үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Азийн олимпын зөвлөл Спорт дахь жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд тивдээ манлайлна | ||
Үзсэн: 359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.