Шууд Chart

Долоогийн бүлэг болон НАТО Польшийн нутагт пуужин унасан асуудлаар шуурхай хуралдав

2022-11-17 10:25:01

Долоогийн бүлэг болон НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид Украинтай залгаа хил орчмын сууринд пуужин унасан хэргийг мөрдөн шалгахад Польш улсад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Энэ хэрэг явдлын улмаас Балид шуурхай хуралдсаны эцэст ийм мэдэгдэл баталсан байна. Украинтай залгаа хилийн ойролцоох Пшеводув суурингийн дэвсгэр газарт Оросын үйлдвэрийн пуужин унаж дэлбэрсний улмаас хоёр хүний амь эрсэдсэн гэж Польшийн Гадаад яам өмнө нь мэдэгдсэн юм.

Гэхдээ Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда пуужингийн гарал үүсэл хараахан бүрэн тодорхой болоогүй байгаа гэдгийг мөн мэдэгдсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 7-гийн бүлгийн шуурхай хуралдааны дараа Балид хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ, Польшид унасан пуужингийн туулсан замаас дүгнэхэд Оросоос харвасан байх магадлал бага байгаа талаар цухуйлгасан. Гэхдээ тэр, асуудлыг эцэслэж тогтоох шаардлагатай. Тэр болтол тодорхой мэдээлэл өгөхөд эрт байгааг мэдэгдсэн байна. Тэрчлэн уг пуужинг Украины цэргийнхэн оросын пуужинг сөнөөх зорилгоор харвасан байж болзошгүй гэдгийг Ассошиэйтед Пресс америкийн дээгүүр албаны түшмэдийн мэдээлэлд түшиглэн мэдээллээ. Оросын БХЯ-ны зүгээс, Украин-Оросын хил орчмын цэгүүдэд оросын зэвсгийн төхөөрөмжүүдээс ямар ч цохилт өгөөгүй гэж мэдэгдсэн. НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя харин үүнийг ОХУ болон НАТО-г мөргөлдөөнд турхирах оролдлого гэж мэдэгджээ. Үүний өмнө Си Эн Эн тв, Польшийн нутагт унасан пуужингийн траектор буюу туулсан замыг Умард Атлантын эвслийн нисэх онгоцоор мөшгөн шалгасан талаар мэдээлсэн. Украины нутгийг тойрч тогтмол үйлддэг эргүүлийн нислэгийн явцдаа НАТО-гийн онгоц Польшийн нутагт туссан пуужингийн талаарх тагнуулын мэдээ сэлтээ НАТО болон Польшийн талд хүргүүлсэн талаар тэр мэдээлэлд дурджээ. Энэ зуур Хятад улс энэ пуужингийн асуудлаас болж байдал хурцадсан үед амгалан тайван байхыг талуудад хандаж уриалсан байна. Франц болон НҮБ-ын АЗ-ийн гишүүн бусад орны удирдагчид мөн Польшийн нутагт туссан пуужингийн гарал үүслийн тухайд дүгнэлт хийхдээ туйлын болгоомжтой байхыг уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлэг болон НАТО Польшийн нутагт пуужин унасан асуудлаар шуурхай хуралдав  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй