Шууд Chart

Зогсох эрхгүй “Зоригтон”

2022-11-22 16:12:06

“Хайрлаж, итгэж явсан бүхэн нь худал хуурмагийн мананд бүдгэрч, далиа гэмтээсэн бяцхан шувуу шиг уй гуниг нэвт шингэсэн, итгэж ядсан харцаар орчлонг харна. Нэг л өдөр энэ бяцхан охины сэтгэлд итгэл найдварын оч гийж, хөөрхөн инээмсэглэл тодруулах тэр мөчийг харахын төлөө Ц.Баасаннямбуу ажилладаг. Магадгүй энэ хөөрхөн инээдийг тэр харахгүй ч байж магад. Ийм болохоор л тэр “Хөөрхөн” зүрхнүүдийн төлөө зогсохгүй гэж шийдсэн.” 

Хүн л бол хүн. Эрэгтэй эмэгтэй байна уу,  баян ядуу ч байна уу хамаагүй. Бүгд л нэгэнт хүн болоод төрчихсөн бол өөр өөрийн аз жаргалаа тодорхойлоод амьдрах ёстой. Гэтэл зарим тохиолдолд тийм байж чадахгүй байна. Ийм болохоор би тэр хүмүүст, хүүхдүүдэд чадахаараа дэмжлэг үзүүлье гэж бодсон. Энэ мэргэжлийн үнэт зүйл нь миний хувь хүнийхтэй ижил байсан болохоор сонгосон гэх үү дээ. Бид туслах гэхээс илүү дэмжлэх үзүүлэх гэж ярьдаг. Би илүү юм чинь туслах биш, чадахаараа дэмжлэг үзүүлье гэж бодоод нийгмийн ажилтан болсон гэж ярих энэ бүсгүйг Ц.Баасаннямбуу гэдэг. Тэр хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер.

Ц.Баасаннямбуу их сургуульд суралцаж байхдаа илүү олон зүйлсийг сурч мэдье, туршлага судалъя гэх хүслээр “Хөөрхөн зүрх” ТББ-тай холбогджээ. Энэ байгууллагын сайн дурын ажилтан болсны ачаар “энэ л миний байх ёстой газар, хийх ёстой ажил” гэдгийг мэдэрсэн байна. Тэр анх ажилласан кейсүүдийнхээ нэр, утас, гэрийн хаяг гээд бүх мэдээллийг нь мартдаггүй. Хүнд хүнд кейсүүд, түүнээс болж өөрт нь ирэх эмзэглэл, сэтгэлийн зовиур хамгийн хэцүү ч тэр сэтгэл хөдлөл мэдрэмжээ дарж, мэргэжлийн байснаараа хохирогчид тусалж чадна гэдгээ хэнээс ч илүү мэдэж байлаа.

 

 

 

 

Бид танихгүй нэгнээс хамгийн их айж, үр хүүхдээ ч гэсэн таньж мэдэхгүй хүнтэй анхаарал болгоомжтой харьцахыг зөвлөдөг. Гэвч бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн тухайн хүүхэдтэй ураг төрлийн холбоотой ойр дотны хүмүүс нь үйлдэж байна. Магадгүй хамгийн их итгэж, хайрлаж явсан нэгэн түүний итгэлийг эвдэж, сэтгэлийг нь шархлуулдаг. Үүний уршгаар хүүхдийн амьдралыг үзэх үзэл нь өөрчлөгдөж, том хүн, эрэгтэй хүн бүр муухай, эсвэл би л муу болохоор надад ийм зүйл тохиолдлоо гэх зэргээр өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлдэг байна. Түүний энэ сэтгэлийн шарх хэзээ ч арилахгүй. 

Хамгийн ойр дотны гэж итгэж явсан нэгэн түүний итгэлийг эвдэж үйлдсэн болохоор хэн нэгэн том хүнд итгэж, сэтгэл зүйн үйлчилгээ авна гэдэг хүнд. Хэдийгээр хүнд ч гэсэн Ц.Баасаннямбуу үүнийг хийж, тэдний дунд үүссэн хана хэрмийг нураахын төлөө ажилласаар байна. Хүмүүс түүнээс миний хүүхэд эдгэрэх үү гэж асуудаг. Харин тэр илааршина гэж хэлдэг. Хохирогчийн мэдэрсэн мэдрэмж, сэтгэл хөдлөл насан туршид нь дагана. Ийм болохоор аль болох эрт сэтгэлзүйн үйлчилгээнд хамруулж, өөрт нь төрөөд байгаа таагүй мэдрэмж, айдас түгшүүрийг эрүүл аргаар гадагшлуулах нь түүний зорилго. Би хохирсон гэж бодож, шаналж суухгүйгээр урагшаа ингээд алхаад явах ёстой юм байна гэдгийг ойлгуулахын төлөө ажиллаж байна.

 

Ц.Баасаннямбуутай ярилцаж суухад хэр баргийн сэтгэл хөдлөл харуулахгүй. Хааяа хааяа сэтгэл нь хөдөлж яриа дэлгэх гэснээ түүнийгээ буцаагаад нуучих нь олон. Магадгүй тэр өдөр бүр хар бараан, хүнд хэцүү тохиолдолтой нүүр тулах бүртээ ингэж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барьж, итгэлээ эвдүүлж, сэтгэлээ сийчүүлсэн бяцхан зүрхнүүдэд итгэлийн гүүр барьж өгөхийн төлөө хичээдэг. Үл итгэл, айдас түгшүүр, болгоомжлол энэ бүхнийг өөрчилж, итгэлцэл бий болгоно гэдэг амаргүй. Олон удаа уулзаж, ярилцсаны дараа итгэлийн гэрэл бага багаар асна. Ингээд нэг л өглөө инээмсэглэл тодруулан орж ирэх тэр хөөрхөн зүрхний төлөө Ц.Баасаннямбуу зогсох эрхгүй.

  

Ц.Баасаннямбуу: Бид хохирогчийг хэт их өрөвдөх, эсвэл хэт их буруутгах гээд байдаг. Зүгээр л түүнтэй нэг түвшинд харилцаж, итгэлцэл бий болго. Гэхдээ итгэж байгаа нь гоё ч хариуцлага улам бүр нэмэгддэг

 

Хайрлаж, итгэж явсан бүхэн нь худал хуурмагийн мананд бүдгэрч, далиа гэмтээсэн бяцхан шувуу шиг уй гуниг нэвт шингэсэн, итгэж ядсан харцаар орчлонг харна. Нэг л өдөр энэ бяцхан охины сэтгэлд итгэл найдварын оч гийж, хөөрхөн инээмсэглэл тодруулах тэр мөчийг харахын төлөө Ц.Баасаннямбуу ажилладаг. Магадгүй энэ хөөрхөн инээдийг тэр харахгүй ч байж магад. Ийм болохоор л тэр “Хөөрхөн” зүрхнүүдийн төлөө зогсохгүй гэж шийдсэн.”

Г.Батзаяа

Б.Ариунжаргал

Г.Эрдэнэгарав 


Зогсох эрхгүй “Зоригтон”  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй