Шууд Chart

Цэргийн дүрэмт хувцас өмсөх, борлуулах, үйлдвэрлэх эрхгүй хувь хүн, байгууллагуудад шалгалт хийж байна

2022-11-23 16:51:55

Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг буюу Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн Цэргийн штабаас томилогдсон бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 2-нд хяналт, шалгалт явуулж байна.

Тэд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд, цэргийн дүрэмт хувцас худалдан борлуулж буй дэлгүүр, лангуу, хувь хүмүүс, зөвшөөрөлгүй оёдлын цех, үйлдвэрүүдэд хуулийн дагуу шаардлага тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган ажиллаж байгаа аж. 

Тодруулбал, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны тушаалаар батлагдсан "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудад алба хааж байгаа офицер, ахлагч, сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөж, цол, ялгах тэмдгийг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг болон Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг төрийн цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмсөж, хэрэглэхийг хориглоно” гэж заасан.

Хэрэв хэрэглэсэн тохиолдолд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төрийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авч ажиллаж байгааг анхааруулав.

Иймд цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг хууль зөрчиж, дур мэдэн хэрэглэж, борлуулж, үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс анхаарч, ийм төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цэргийн дүрэмт хувцас өмсөх, борлуулах, үйлдвэрлэх эрхгүй хувь хүн, байгууллагуудад шалгалт хийж байна  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй