Шууд Chart

Канад улс Ази Номхон далайн бүсэд хэрэгжүүлэх эдийн засаг, дипломатын шинэ стратеги зарлав 

2022-11-29 11:58:26

Канад улс Ази Номхон далайн бүс рүү хандсан эдийн засаг, дипломатын шинэ стратеги боловсруулсан байна. Хятадтай холбоотой эрсдэлийг бууруулахад чиглэсэн энэ төлөвлөгөөнийхөө хүрээнд тус улс ирэх 5 жилд 1,7 тэрбум ам.доллар зарлагадахаар шийдвэрлэжээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо энэ сарын эхээр Индонез, Камбож болон Тайландад чуулсан 20-ийн бүлэг, АСЕАН, АПЕК зэрэг томоохон байгууллагуудын дээд уулзалтаас харьж очсон даруйдаа ийм төлөвлөгөө танилцуулж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.

Жастин Трюдогийн засгийн газар үндсэн 5 чиглэлээр стратегиа тодорхойлсон байна. Үүнд, Ази Номхон далайн бүс рүү цэргийн хөлөг онгоцууд илгээх замаар энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, феминист олон улсын тусламжийг хүчтэй болгох, тогтвортой дэд бүтцэд санхүүжилт олгох, дипломат оролцоогоо нэмэгдүүлэх гэсэн чиглэлүүд багтжээ. Канадын засгийн газар энэ стратегиа, “ойрын 10 жилийн хугацаанд Энэтхэг Номхон далайн бүс дэх оролцоогоо тэлж, улмаар бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхэд чиглэсэн иж бүрэн замын зураг” гэж тодорхойлж байна. Канадын БХЯ-ны сайд Мелани Жоли ням гарагт энэхүү хөтөлбөр баримт бичгийг танилцуулахдаа, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн ирээдүй бол бидний ирээдүй Хэлбэржиж төлөвшихөд нь бид үүрэг оролцоотой байх учиртай. Үүний тулд бид найдвартай, жинхэнэ түнш байх ёстой” хэмээн мэдэгджээ. Мөн энэ шинэ стратегиараа Канад улс энэ бүс нутагт оролцоотой, хойшид ч тэр хэвээр үлдэх болно гэдэг тодорхой мессежийг өгч байна. Энэ нь давхар бас, хоорондын харилцаа нь төдийлөн таатай бус Бээжинд хандсан мессеж гэдгийг канадын сайд шинэ бодлого танилцуулахтай нь зэрэгцэж гарсан өдөр тутмын сонины ярилцлагадаа дурджээ.

Гэхдээ Хятадад ажил бизнес эрхлэхгүй байхыг канад компаниудад зөвлөх хүртэл асуудалд гүнзгий хутгалдах санаа ЗГ-т байхгүй, гагцхүү геополитик талаасаа ингэх эрсдэлтэй гэдгийг таниулж тайлбарлах нь миний ажил” гэж Мелани Жоли сайд ярьжээ. Саяхан болж өнгөрсөн 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинпинь канадын ерөнхий сайд Трюдо-г илт зэмлэж байгаа дүрс бичлэг тарсан. Хоёр улсын хоорондын харилцаа 2018 онд канадын эрх баригчид Ираны эсрэг АНУ-ын хоригийг үл тоомсорлосон хэргээр хятадын “Хуавай” компанийн гүйцэтгэх захирал Мэн Ваньчжуйг баривчилсны дараагаас эрс муудсан. Хариуд нь Бээжин канадын иргэн Майкл Спэйвор, Майкл Ковриг нарыг Хятадад баривчлан саатуулж байсан. “Хуавэй” компанийн захирал болоод Хятадад саатуулагдсан канад иргэдийг удаан үргэлжилсэн яриа хэлэлцээний эцэст өнгөрсөн онд сулласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад улс Ази Номхон далайн бүсэд хэрэгжүүлэх эдийн засаг, дипломатын шинэ стратеги зарлав   
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй