Шууд Chart

Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн

2022-11-30 16:10:11

ЦХХХЯ-ны харилцааны холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.
Нам орбит гэж юу вэ?
Нам орбитын тухай бидэнд товч тайлбарлаж өгөөч?
Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ гэхээр хүмүүс төдийлөн нарийн ялгаж ойлгох нь бага. Юуны өмнө уг ойлголтыг тайлбарлая. Манай дэлхийг тойрсон хиймэл дагуулын 3 тойрог зам (oрбит) байдаг бөгөөд түүний хамгийн наана буюу дэлхийгээс 550 орчим км-ийн зайнд орших тойрог замыг “нам орбит” (LEO) гэж нэрлэдэг. Саяхныг хүртэл ихэнх улс орнууд дэлхийн хамгийн алс буюу 35,000 км зайд орших (GEO) орбит дээр хиймэл дагуулуудаа байршуулж байсан бөгөөд энэ нь тодорхой шалтгаантай байсан. Учир нь наана орших нам орбитыг ашиглахын тулд маш олон тооны хиймэл дагуул байршуулах шаардлага гарч, энэ нь хөөргөлтийн зардал өндөр, хиймэл дагуулын амьдрах хугацаа бага гэх зэрэг шалтгааны улмаас бодит ажил болоход хүндрэлтэй байлаа. Үүнийг “SpaceX” компани шийдвэрлэснээр нам орбитын орчныг шинэ өрсөлдөөний талбар болгож чадсан юм. Тэд хиймэл дагуулд масс үйлдвэрлэлийг нэвтрүүлж, өөрийн сансрын хөлгөөр харьцангуй бага зардлаар хөөргөж, дэлхийг бүрхэх сүлжээ үүсгэх эхлэлийг тавьсан нь энэ салбарын бусад тоглогчдыг сэрээсэн гэхэд болно.

Монгол Улсад нам орбитын талбарт “Старлинк” компанийн нэр их яригддаг. Бид энэ салбарын бусад тоглогчдын тухай төдийлөн мэдээлэлгүй байна. Манай оронд нам орбитын интернэтийн үйлчилгээ нэвтэрснээр ямар боломж бий болох вэ?

Энэ салбарт дэлхий нийтээрээ Старлинк компанийг хамгийн сайн мэддэг ч ижил төстэй үйл ажиллагааг явуулж буй компаниуд жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнд Oneweb, Amazon, Kepler, Telesat, GalaxySpace, GlobalStar, Inmarsat, Iridium, LynkGlobal зэрэг тоглогчид байгаа ба манай улсын Ondosat компани ч энэхүү томоохон зах зээл рүү орохоор ажлаа эхлүүлээд байна. МУ-д нам орбитын үйлчилгээ эрхлэгч орж ирснээр өргөн уудам газар нутагтаа хүн ам нь тархан суурьшсан онцлогтой орны хувьд алслагдсан бүс нутгийн иргэдэд интернэтийн үйлчилгээг хүргэх давуу тал үүснэ. Хэдийгээр бид 328 сум сууринг шилэн кабелийн сүлжээнд холбосон ч 4G үйлчилгээ нэвтрээгүй багууд байсаар байна. 400 орчим алслагдсан баг сүлжээнд холбогдож амжаагүй байгаа. Уг асуудал дээрх технологиор шийдэгдэх боломжтой ч бодит байдал дээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн үнэ тариф хэт өндөр байна. Жишээ нь Старлинк компанийн интернэт үйлчилгээний одоогийн үнэ тариф хэт өндөр байна. Энгийн тооцоо хийж үзэхэд малчин айл 2 сая орчим төгрөгөөр интернэт хүлээн авах төхөөрөмж худалдан аваад үүний дараа сар бүр ойролцоогоор 380.000 төгрөгийн хэрэглээний төлбөрт төлөх шаардлага үүсэх юм. Ирээдүйд чөлөөт өрсөлдөөний зарчмаар энэ үнэ буурах боломжтой гэж харж байна. Тиймээс Цахим хөгжил харилцаа холбооны яам энэ талбарт зах зээлийн өрсөлдөөнийг дэмжинэ.

ОУ-д энэ зах зээлд өрсөлдөөн ямар түвшинд байдаг вэ? Манай улс бодлогоор хэрхэн дэмжиж байгаа вэ?

Одоогоор дэлхийн хиймэл дагуулын бүтээгдэхүүн үйлчилгээний нийт зах зээлийн багтаамж 380 тэрбум ам.доллар байгаа ба 2040 он гэхэд 1,2 их наяд доллар болж өсөх төлөвтэй байгаа нь энэ зах зээлд асар их боломж буйг харуулж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд энэхүү нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо тодорхой болгох чиглэлийн ажлуудыг хийсээр байна. Манай улсын хувьд ч 2022 оноос эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан.  Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Үүний дараа 2022 оны 9 сард тус яамны удирдлагууд Старлинк компанийн удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын эрхзүйн орчин, бодлогын баримт бичгийн талаар танилцуулж, Монгол Улс Старлинк компанийн үйлчилгээг нэвтрүүлэхэд хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг бөгөөд Старлинк компанийн хувьд одоогоор тус газарт албан ёсоор хүсэлтээ хараахан ирүүлээгүй байна.

Нам орбитын бодлогын баримт бичгийг батлахдаа ямар зарчим баримталсан бэ?

Дэлхий нийтэд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ, интернэтийн бөөний урсгал, интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь тус тусдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байдаг ба манай улсын хувьд ч энэхүү чиг хандлагыг даган хөгжиж ирсэн түүхтэй. Нам орбитын бодлогын чиглэл ч мөн уг бодлоготой уялдан гарсан. Өөрөөр хэлбэл бид нийт нутаг дэвсгэрийг хамарсан шилэн кабелийн суурь сүлжээ, гаднаас манай улсад орж ирж буй интернэтийн бөөний үйлчилгээ, шилэн кабелийн суурь сүлжээг ашиглан иргэдэд хүрч буй өрхийн интернэтийн үйлчилгээ, бидний гар утсанд ирж буй мобайл интернэт зэрэг нь тус тусдаа зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа гэдгийг  салгаж ойлгох хэрэгтэй юм. Монгол Улс нь интернэтийн үнэ тарифын хямд байдлаар Азидаа дээгүүрт ордог орон ба энэ салбарын өрсөлдөөн нь мөн дээрх сүлжээ, үйлчилгээ, бөөний урсгал, жижиглэнгийн урсгал салангид байх бодлого зохицуулалтын орчны хүрээнд өнөөгийн хямд үнэ тарифыг бий болгосон байдаг. Үүнээс дүгнэхэд бид нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо бүрдүүлсэн, энэ нь 2005 оноос хойш явж ирсэн харилцаа холбооны салбарын бодлого, эрхзүйн орчинтой уялдсан, мөн чиглэлийн бүх компанид нээлттэй гэж үзэж болох юм.

Эх сурвалж: ЦХХХЯ


Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй