Шууд Chart

Их Британи, АНУ эрчим хүчний шинэ түншлэл эхлүүлэхээр болжээ

2022-12-08 15:24:38

Их Британи АНУ-тай эрчим хүчний шинэ түншлэл байгуулахаар тохиролцсон гэж Английн Ерөнхий сайд Риши Сунак лхагва гарагт мэдэгдсэнийг "Си-Эн-Эн" уламжилсан байна. Хоёр их гүрний эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа нь дэлхийн улс орнуудын ОХУ-ын эрчим хүчний экспортоос хараат байдлыг зогсоож, эрчим хүчний өндөр өртгийг бууруулах зорилготой юм.

Их Британи даяар эрчим хүчний төлбөр нь дээд цэгтээ хүрч, хүмүүс гэр орноо халааж, гэрлээ асаахын тулд Оросын хийн түлшийг ашиглаж байгаа юм. Иймд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Их Британи-АНУ-ын эрчим хүчний аюулгүй байдал, боломжит түншлэл гэж нэрлэгдэх эрчим хүчний хэлэлцээрт хүрсэн байна.

Дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий экспортлогчдын нэг АНУ Их Британид экспортлох шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээгээ 2021 оны түвшинтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

2023 онд дор хаяж 9 тэрбум шоо метрт хүргэхээр төлөвлөсөн байна.

"Ирэх жил хийн нөөцөө нөхөхөөр зорьж байгаа тул энэ нь Их Британи болон Европын түншүүдийн хувьд сайн хэрэг болно" гэж Их Британийн Засгийн газар мэдэгдэлдээ дурджээ. Хоёр улсын эрчим хүчний салбар дахь шинэ түншлэлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлт, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон байна.

Устөрөгчийг ашиглан орон нутгийн эрчим хүчний төвүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсныг "Эн-Эйч-Кэй" мэдээндээ дурдсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи, АНУ эрчим хүчний шинэ түншлэл эхлүүлэхээр болжээ   
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй