Шууд Chart

Т.Мөнхбат: Фитнессийн мэргэжлийн дасгалжуулагч үйлчлүүлэгчээ гоё биетэй болгохоос гадна зөв хүн болгодог

2022-12-22 17:51:31

Шинэ жилийн баяр ойртох тусам маш олон хүн хэт богино хугацаанд гоё бие галбиртай болох, турахыг хүсдэг. Тэгвэл энэ боломжтой эсэх болон

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцахаар болсонд баярлалаа. Таныг инженер мэргэжилтэй гэж сонссон. Яагаад сурсан эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр салбарт, талбарт ажиллахаар болсон бэ?

-Би Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг үйлдвэрийн механик инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэсэг хугацаанд ажилласан. Сурагч байхдаа гэртээ суниалт, гэдэсний таталтын дасгал хийдэг хүүхэд байлаа. Оюутан болоод ХААН банкны нэрэмжит оюутны тэтгэлэг авсан болохоор их сургуулийн сургалтын төлбөр асуудал болоогүй. Аав, ээжийнхээ над руу явуулсан мөнгөөр фитнессийн төлбөрөө төлөөд 17 наснаасаа хичээллэж эхэлсэн.

Фитнессийн спортоор хичээллэж буй хүмүүст ихэвчлэн мэргэжлийн тамирчин болох эсвэл эрүүл, гоё бие галбиртай, амьдралын зөв хэв маягтай хүн болох гэсэн хоёр сонголт гарч ирдэг. IFBB /International fitness and bodybuilding federation/ буюу Олон улсын фитнесс, бодибилдингийн холбоо тамирчин болон дасгалжуулагч нарт мэргэжлийн үнэмлэх олгодог. Фитнессийн спортоор хичээллэж буй тамирчид тэр хүртэл сонирхогчийн ангилалд харьяалагддаг.

Харин би мэргэжлийн дасгалжуулагч болох замыг сонгосон. Учир нь багаасаа илтгэл, лекц сонирхдог энэ төрлийн уралдаанд идэвхтэй оролцдог хүүхэд байсан болохоор бусдад зааж, зөвлөх чиглэлд илүү сонирхолтой, тодорхой чадваруудаа ч их бага хэмжээнд хөгжүүлсэн. 

Мөн би ихэнх хүний оюун санаа, амьдралын хэв маяг буруу тийшээ яваад байгааг ажиглаад заримдаа өмнөөс нь харамсдаг. Хэдий үүнийг залруулахыг оролдсон лекц, ном, арга хэмжээ олон байдаг ч хүний mental /оюун ухаан/ хүлээж авах чадвар хязгаартай. Физикл талаасаа хүн өөрийн хязгаарыг мэдэрч, өөрийгөө дайчлан, ялан дийлж байж бие галбир, оюун санаа аль алинаар нь өөрчлөлт хийж чадах юм байна гэдгийг анзаарсан. Үүнийг ч би өөрийн биеэр туулсан. Нэг жишээ хэлэхэд, спортоор огт хичээллэдэггүй оюутан хамгийн дээд тал нь 3-4 цаг төвлөрч хичээлээ хийж байхад спортоор хичээллэдэг оюутан хоёр дахин их хугацаанд төвлөрч хичээлээ хийж суудаг. Фитнессийн дасгалжуулагч зөвхөн спортын дасгал хөдөлгөөн заах, хийлгэх бус үйлчлүүлэгчийнхээ оюун санаанд нь нөлөөлдөг. Тиймээс би Монгол Улсад нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бүх нийтээрээ эрүүл гоё бие галбиртай, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулахыг хүссэн. Би фитнесээр есөн жил хичээллээд 2016 оноос дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн.

2019 онд Америкийн спортын шинжлэх ухааны академийн сургалтуудад цахимаар хамрагдаж, дасгалжуулагч /group trainer/, хувийн дасгалжуулагч /personal trainer/ сертификаттай төгссөн.

Мөн 2019 ондоо Монголын фитнесс академийг хамтран үүсгэн байгуулж, Австралийн “World fitness” академийн хөтөлбөрийг бэсрэг байдлаар Монголд нутагшуулж, зохион байгуулж байна. Манай академи зөвхөн фитнессийн бэлтгэлийн заал ажиллуулах бус фитнессийн дасгалжуулагч, хувийн болон хүүхдийн дасгалжуулагчийн үйлчилгээ үзүүлдэг. Монголд өсвөр насны хүүхдүүдийн дунд таргалалт элбэг болсон болохоор хүүхдийн дасгалжуулагчийн үйлчилгээ авахаар маш олон эцэг, эх ханддаг. Манай академи фитнессийн мэргэжлийн дасгалжуулагч нараас гадна мэргэжлийн хоол зүйч, сэтгэл зүйч, гоо зүйчтэй учир дасгалжуулагчийн хөтөлбөр фитнессийн дасгал хөдөлгөөнийг хоол зүй, сэтгэл зүй, гоо зүйн зөвлөгөө зөвлөмжтэй хослуулдаг. Дасгалжуулагч нар маань үйлчлүүлэгчийнхээ үйлчлүүлдэг фитнесс төвд очиж ажиллах боломжтой.

Үүнээс гадна ажлын байрны дасгал хөдөлгөөний үйлчилгээг нэмж нэвтрүүлсэн. Албан байгууллагууд ажлын цаг эхлэхийн өмнө болон цайны цагаараа энэ үйлчилгээг авдаг.

-Таны одоо хийж буй ажил мэргэжил танаас ямар чадваруудыг шаарддаг вэ?

-Дасгалжуулагч, хувийн дасгалжуулагч нар мэдээж анатомийн мэдлэг, үйлчлүүлэгч дасгал хийж байгаад шөрмөс нь зангирах гэх мэт тохиолдолд эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар, сэтгэл зүйтэй, мэдрэмжтэй, үйлчлүүлэгчдээ урам зориг өгөх болон харилцааны өндөр чадвартай, life style /амьдралын хэв маяг/-ийн хувьд ч нөлөө үзүүлж чадах үлгэр жишээ хүн байх ёстой.

Хүмүүс төрсөн, өссөн, амьдарч байсан орчноосоо шалтгаалаад дасгал хүлээж авах, ачаалал даах чадвар, сэтгэл зүй өөр байдаг. Тиймээс мэргэжлийн дасгалжуулагч хүн бүртэй тулж ажиллаж, тухайн хүний зан чанар, биеийн онцлогт тааруулан тохирох хөтөлбөрийг боловсруулж, фитнессээр тууштай, үр дүнтэй хичээллэхэд зааж, зөвлөж, удирдаж өгдөг.

-Монголд фитнессийн тамирчдын дунд уралдаанууд зохион байгуулагддаг шиг дасгалжуулагч нарын дунд тэмцээн болдог уу. Та өөрөө бодибилдинг, фитнессийн тэмцээнд оролцож амжилт гаргаж байв уу?

-Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос 2017 онд зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээнээс фитнесс ангилалт хүрэл, 2019 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан.

Монголд дасгалжуулагч нарын дунд уралдаан тэмцээн зохион байгуулагддаггүйгээс гадна дасгалжуулагч нарын стандарт ч тогтоогүй байна. Манай академи цаашдаа дасгалжуулалтын стандарт тал дээр болон “World fitness” академийн хөтөлбөрийн дагуу мэргэжлийн дасгалжуулагч, хувийн дасгалжуулагч бэлтгэх сургалт явуулах зорилго бий.

-Шинэ жилийн баяр ойртох тусам маш олон хүн хэт богино хугацаанд гоё бие галбиртай болох, турахыг хүсдэг. Энэ боломжтой юу?

-Хүмүүс богино хугацаанд, нэг сарын дотор жингээ хасах, гоё биетэй болох боломжтой юу гэж их асуудаг. Энэ сэтгэлгээнд дөрөөлсөн эрүүл бус “бизнес” байдаг. Хэзээ ч ийм богино хугацаанд хүний бие физиологи болон амьдралын дадал зуршил өөрчлөгдөхгүй.

Суурь хугацаа буюу тухайн хүнд өөрт нь илт мэдрэгдэх хугацаа гурван сар байдаг. Доод тал нь гурван сар болон түүнээс дээш хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, сэтгэл зүйн талын зөвлөгөө өгдөг, role model /үлгэр жишээ/ болж чадахуйц дасгалжуулагчтай хамт хичээллэж, бэлтгэл хийж байж өөрт харагдахуйц жин хасах эсвэл булчингийн масс нэмэгдэх өөрчлөлтүүд биед үүснэ. Фитнессээр хичээллээд гарч буй өөрчлөлтийг хамгийн эхэнд тухайн хүн өөрөө мэдэрдэг. Дараа нь ойр дотны хүмүүс нь мэддэг. Зургаан сар болон түүнээс дээш хугацааны дараа таньдаг таарсан хүн болгон нь хараад өөрчлөлтийг нь шууд мэдэхээр хэмжээнд очно.

Фитнессээр амжилттай хичээллэхийн тулд зөвхөн төхөөрөмжүүд дээр дасгал хийгээд байх бус биеийн тэнцвэр, сунгалтаа сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, өвлийн саруудад Монголд зам халтиргаатай болчихдог. Маш олон хүн унаж бэртдэг, хөл гараа хугалдаг. Харин фитнессээр хичээллэдэг хүн тэнцвэрээ олоод сурчихсан, сунгалт сайдаг байдаг тул унасан ч бэртэхгүй байх, халтирч унахгүй байх ч магадлал өндөр.

-Тантай ярилцах зуурт амьдралын хэв маягийг маш чухалчлан авч үзэж байгааг анзаарлаа. Дасгалжуулалтын хөтөлбөрт тань амьдралын эрүүл хэв маяг нэлээн том орон зай эзэлдэг үү?

-“Хүн бодлоо өөрчлөх юм бол бүх зүйл өөрчлөгддөг” гэсэн үг бий ч эсрэгээрээ үйлдлээ өөрчлөхөд бодол дагаад өөрчлөгдөх тал бий. Өглөө эрт босох, орой эрт унтах, ямар хоол унд хэрэглэх, ямар хүмүүстэй уулзах, чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрөөдгөөс шалтгаалаад амьдралыг харах өнцөг, амьдралд хандах хандлага, өөрийн болон гэр бүлийнх нь гишүүдийн амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж байдаг.

Дасгалжуулагч, хувийн дасгалжуулагч үйлчлүүлэгчийнхээ амьдралын хэв маягийг өөрчилдөг. Тухайлбал, баасан гараг болгон ажлынхантайгаа, найз нөхөдтэйгөө шоуддаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг энэ үйлдлээ амьдралын аз жаргалыг мэдэрч байна гэж зөвтгөсөөр ирсэн ч таргалж, бие эрхтэн нь үрэвссэнээр фитнессээр хичээллэхээр шийдсэн залуус манай академид ханддаг. Тэд фитнессийн дасгалжуулагчийн үйлчилгээтэй хамт сэтгэл зүйч, хоол зүйч, гоо зүйчийн зөвлөмж зөвлөгөөг авснаар эрүүл хооллолт, хүрээлэл, хобби, амьдралын хэв маягтай болж байгаа. Бүр гэр бүлийн хүн, үр хүүхэдтэйгээ таагүй харилцаатай байсан хүмүүс фитнессээр хичээллэж цогц үйлчилгээ авснаар гэр бүлтэйгээ таатай харилцаатай болсон гэдгээ хэлдэг.

Хүн хоногийн 24 цагийн хоёр цагийг зааланд бэлтгэл хийлээ гэж бодоход үлдсэн 22 цагийг хэрхэн өнгөрүүлж буй нь чухал. Тэр хоёр цагийн бэлтгэлийг үнэ цэнтэй болгох уу, үнэ цэнийг нь үгүй хийх үү гэдэг үлдсэн 22 цагийн амьдралын хэв маягаас нь шалтгаалдаг. Тиймээс фитнессийн мэргэжлийн дасгалжуулагч үйлчлүүлэгчээ гоё биетэй болгохоос гадна амьдралын эрүүл хэв маягтай зөв хүн болгодог.

-Та Монголын гар барилдааны нэгдсэн холбооны тэргүүнээр ажилладаг юм билээ. Спортын энэ төрөлтэй хэрхэн холбогдсон бэ?

-БНСУ-ын Дэгүгийн их сургуулийн профессорын хувь хүний хөгжлийн чиглэлээр ментор бэлтгэх мастер-класст би 2016 оны зун хамрагдсан юм. Тухайн үед БНСУ-д бүсийн аварга шалгаруулах гар барилдааны тэмцээн зохион байгуулагдах таарч, сонирхож оролцоод түрүүлсэн.

Тэр тэмцээнд надаас гадна БНСУ, Япон, АНУ, Англи зэрэг орны 40 гаруй тамирчин оролцсон. Гар барилдааны спортоор хичээллэдэг мэргэжлийн нэлээн олон тамирчин оролцсон юм билээ. Тэднээс БНСУ-ын болон Английн гар барилдааны мэргэжлийн тамирчидтай яриа өрнүүлэхэд намайг яг мэргэжлийн тамирчин биш гэдгийг мэдээд “Монгол хүмүүс маш бяртай гэдэг үнэн юм байна. Чи энэ спортоор хичээллэвэл өндөр амжилт гаргах боломжтой” гэж зөвлөсөн. Тэгээд Монголдоо ирээд судлаад үзсэн Гар барилдааны холбоо татан буугдчихсан, энэ спорт төдийлөн хөгжөөгүй санагдсан. Гэсэн хэдий ч энэ спортыг эх орондоо хөгжүүлэх хүсэл, зорилгодоо хөтлөгдөн бөхийн төрлүүдийн болон бодибилдингийн тамирчин ах нартай ярилцаж зөвлөлдөөд Монголын гар барилдааны нэгдсэн холбоог 2017 онд үүсгэн байгуулалцсан. Одоо тэргүүнээр нь ажиллаж байна.

Монгол хүн бүр л гар барилдаан хийж байсан байх. Тиймээс монголчуудын огт мэдэхгүй спорт биш. Гар барилдаан спортын зарим төрөлтэй харьцуулахад маш минимал, хичээллэхэд өндөр өртөг зардал шаардагдахгүй. Харин энэ спортын олон улсын стандарт, дүрэм журам, ширээ хэрэгслийг Монголдоо нэвтрүүлэх шаардлага тулгарсан.

Манай холбоо байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн жил гар барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн, хоёр удаа өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн баруун, зүүн гарын төрлөөр таван жингийн ангилалд зохион байгуулсан. 2020 онд “Ковид-19” цар тахлын улмаас тэмцээн зохион байгуулж чадаагүй.

Монголд надтай гар барилдаад ялж байгаа сурагч нар ч байна. Манай холбоо тамирчдаа тэр дундаа өсвөрийн мундаг тамирчдаа Азийн аварга шалгаруулах, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулж, медаль хүртэхийг зорьж байна. Мөн ирэх онд Улсын аварга шалгаруулах тэмцээндээ эмэгтэй тамирчдын ангилал нэмж, маш өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа.

Гар барилдааны спортын тухай Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлонегийн гол дүрд нь тоглосон “Over The Top”, БНСУ-ын мегастар Ма Дун Сокийн тоглосон “Champion” тэргүүтэй олон кино бий. Энэ кинонууд гарсны дараа гар барилдааны спорт цар хүрээгээ улам тэлж байгаа. Ирээдүйд олимпын наадмын хөтөлбөрт ч багтах магадлал маш өндөр.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Мөнхбат: Фитнессийн мэргэжлийн дасгалжуулагч үйлчлүүлэгчээ гоё биетэй болгохоос гадна зөв хүн болгодог  
Үзсэн: 2257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-27 16:37
mundag ym be
Зочин [127.0.0.xxx] 2022-12-26 22:19
Ireh ond yg fitnesst ywnaa xaxa
Зочин [127.0.0.xxx] 2022-12-23 16:31
энэ дасгалжуулагчтай яаж холбогдох вээ
Зочин [127.0.0.xxx] 2022-12-23 14:19
biye ene dasgaljuulagch zaluugiinh shg boltol hogjvvleh yumsaaan
Зочин [127.0.0.xxx] 2022-12-22 21:43
Зочин [127.0.0.xxx] 2022-12-22 21:42
Gal gal

Бидэнтэй нэгдээрэй