Шууд Chart

МУЭ: “Азарганы ноцолдоон” эх бүтээл болох нь батлагдлаа

2022-12-23 11:25:19

ХБНГУ-ын уран зураг судлаач, сэргээн засварлагч, багш Сузанне Эрхардс Монголын уран зургийн галерейн хүсэлтээр БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Ардын Зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн

О.Цэвэгжав зураачийн “Партизан цэрэг элсүүлэлт” 1941 он, “Азарганы ноцолдоон” 1958 он, “Бухын мөргөлдөөн” 1958 он, “Эмнэг сургагч” 1963 он хэмээх өөр өөр цаг үед бүтээгдсэн дөрвөн бүтээлийг 5 хоногийн турш харьцуулан судалсан бөгөөд энэ сарын 14-ний өдөр судалгааны үр дүнг Монголын уран зургийн галерей, Соёлын өвийн үндэсний төв болон Дүрслэх урлагийн академийн багш мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.

Уг судалгааны ажлыг доорх 3 хэсэгт хуваан үзвэл:

  1. Зотон:

Зураач О.Цэвэгжав нь уран зургийн суурь хэрэглэгдэхүүн болох зотонг өөрөө бэлддэг байсан бөгөөд харьцуулсан судалгаанд оролцсон дээрх 4 бүтээлүүд бүгд ижил арга барилаар бэлтгэгдсэн адил зотонгуудтай байв.

  • Зотонгийн утас хатуу боловч уян хатан шинжтэй
  • Бор, саарал өнгөтэй
  • Зотонгийн 1x1см2 тутамд нэхмэлийн утас дээшээ болон хэвтээ чиглэлд Z хэлбэрээр сүлжигдсэн.
  • Зураач зотон дээр грунт түрхэж бэлдэхдээ зотонгийн зах хэсэгт грунт түрхэлгүй зотон хэвээр нь үлдээдэг байсан нь судалгаанд орсон 4 бүтээлийн хамгийн чухал ижил тал байв.
  1. Будаг:

Будгийн хэрэглээний техникийг авч үзэхэд зураач О.Цэвэгжав тосон будгийг аль болох бага хэмжээгээр хэрэглэж, нимгэн бичилттэйгээр зурдаг байсан. Зураачийн палитр буюу хэрэглэдэг өнгүүдийг тодорхойлох нь судалгааны бас нэг чухал сэдэв юм. Учир нь судалгаанд орсон 4 бүтээл өөр өөр цаг хугацаанд бүтээгдсэн ч зураачийг илэрхийлэх, түүний дуртай өнгүүд үргэлж хадгалагдаж үлддэг учиртай. О.Цэвэгжав зураач бүх зургууддаа доорх цөөн өнгүүдийг ашигладаг байснаас гадна, түүний дуртай өнгүүд болох цайвар цэнхэр, ултрамарин хөх, улбар шар, зосон улаан, цайвар ногоон, бараан ногоон зэрэг өнгүүдийг хоёр давхаргад хэрэглэдэг байжээ.

  • Цагаан (Titanium white)
  • Хар (Ivory black),
  • Улбар шар (Cd-orange)
  • Шороон бор (Siena nature, Siena burnt)
  • Хүрэн бор (Raw umber)
  • Цэнхэр (Cerulean Blue, Ultramarine Blue)
  • Улаан (Red Madder, Cadmium red)
  • Бараан ба цайвар ногоон
  1. Зурах техник:

Зураачийн зурах арга барил, техник гэдэг бол яг л хүн бүрийн хурууны хээ давтагдашгүйтэй адил, хэзээ ч давтагдашгүй, онцлог зүйл байдаг. Тэр дундаа О.Цэвэгжав зураач нь өөрийн зурах арга барил, хэв маягийг тодорхойлж өндөр түвшинд хөгжүүлсэн чадварлаг зураач болохыг баталлаа.

  • Импасто(3D эффекттэй төстэй буюу зургийг бодит харагдуулах техник) – Зураач зургийн гол дүр болон чухал хэсгийг импасто техник хэрэглэн тодруулж зурдаг.
  • 2 давхаргийн систем – Нэг өнгийг илүү тод гаргахын тулд 2 өнгө ашигладаг техник буюу эхлээд тод өнгө тавьж хатаасны дараа дээр нь бараан өнгө тавьж өөрийн хүссэн өнгийг гаргадаг.
  • Нойтон будган дээр нойтон будгаар ажиллах техник – Хоёр дүрслэлийн заагуудыг зурахдаа эхний тавьсан тосон будгийг хатаж амжаагүй байхад дараагийн тосон будгийг давхарлаж ямар нэгэн тод контургүйгээр уусгаж зөөлөн хүрээ үүсгэн зурдаг.
  • Тусгай гэрлээр шинжилгээ хийхэд, ямар нэг харандааны ул мөр олдоогүй нь зураач скиз гаргахдаа нүүрсэн харандаа болон бусад төрлийн харандааг ашиглахгүйгээр тосон будаг, бийрээр скизээ гаргадаг байсныг батална.
  • Зураачийн өөр нэг онцлог нь цагаан тосон будаг хэрэглэхийн оронд зотонг будалгүйгээр цагаан хэвээр нь ашигладаг.
  • Зураг бүрийн бийрний бичилтийн хэмжээг харьцуулж үзэхэд бүх зурагтаа ойролцоо хэмжээний бийр ашигласан байна.
  • Зураач бүтээлийнхээ дүрүүдийг бүтэн дуустал зурахаас илүүтэйгээр хөнгөн дүрслэн зурдаг. Бага хэмжээний будгаар дүрүүдийг тодорхой гаргаж чаддагаараа онцлог.

Энэхүү судалгааны үр дүнд судалгаанд орсон бүтээлүүд нь О.Цэвэгжав зураачийн арга ажиллагаа, материал хэрэгсэл, өнгөний сонголт мөн бөгөөд харьцуулалтын болон, тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэргэжлийн туршлагатай олон улсын сэргээн засварлагч Сузанне Эрхардс шинжлэх ухааны үндэслэл нотолгоотойгоор “Азарганы ноцолдоон” бүтээлийг эх зураг мөн болохыг батлав.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МУЭ: “Азарганы ноцолдоон” эх бүтээл болох нь батлагдлаа  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй