Шууд Chart

Б.Батнамсрай: Андуурсан айлын хүүхдүүддээ бэлгээ өгчихөөд дэлгүүрээс бэлэг аваад, зөв айл руугаа ордог

2022-12-31 11:06:05

MNB.mn сайт он солигдох мөчлөгт

-Юун түрүүнд танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сүүлд ямар уран бүтээлүүд дээр ажиллав?

-За баярлалаа. Танай редакц, байгууллагын хамт олонд болон сонсогч, үзэгч, уншигчдад шинэ жилийн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн онд хэд хэдэн кино уран бүтээлд ажилласан. Үүнээс “Чоно” Аюушийн дүрийг бүтээсэн “Гүртэн” бүрэн хэмжээний уран сайхны кино аравдугаар сард нээлтээ хийсэн.

Сүүлд “Тайгын эзэн” уран сайхны киноны гол дүр Дамчаагийн дүрд ажиллалаа. “Тайгын эзэн” кино хараахан нээлтээ хийгээгүй байгаа, 2023 он гаргаад үзэгчдэд хүрнэ.

-Та анх хэзээ, ямар шинэ жилийн баярт өвлийн өвгөн болсон бэ?

-Би жүжигчний ажил, мэргэжлээр ажиллаж эхэлснээсээ хойш 2015 оноос шинэ жилийн баярын сараар өвлийн өвгөн болж байгаа. Тэрнээс өмнө, анх гэвэл том биетэй хүүхэд байсан болохоор сурагч байх үеэсээ л сургуулийнхаа өвлийн өвгөн болдог байлаа /инээв/.

-Хэдэн жил, хэчнээн шинэ жилийн баярт өвлийн өвгөн болж зочлов. Хамгийн дурсамжтай, хөгжилтэй нь ямар шинэ жил, ямар үйл явдал байв?

-Хэдий “ахмад” өвлийн өвөө нартай харьцуулахад цөөхөн жил өвлийн өвгөн болж байгаа ч гэлээ ёстой тоо хэлж мэдэхгүй байнаа хө. Өвлийн өвгөн болдог болсноос хойш жил жилийн арванхоёрдугаар сарыг их л завгүй, ийшээ тийшээ гүйсээр өнгөрөөдөг болсон.

Санаанаас гардаггүй үйл явдал гэвэл айл гэрээр зочлох захиалгын дагуу явж байхдаа айл андуурч орж байсан тохиолдлууд байдаг. Тухайн айл хүүхдүүдийнхээ нэрийг надад урьдчилаад өгчихдөг юм. Тэгсэн өөр айлд орчихсоноо мэдэхгүй хүүхдүүдэд нь бэлгээ өгөх гээд нэрийг нь дуудтал “Манайд ийм нэртэй хүүхэд байхгүй ээ. Хөрш айлын хүүхдүүдийн нэр байна” гэсэн тохиолдол бий бий. Тэр үед санаа маш их зовсон шүү /инээв/. Авч орсон бэлгээ тэр айлын хүүхдүүддээ өгчихөөд гараад дэлгүүрээс бэлэг авч, зөв айл руугаа орох тохиолдлууд байдаг.

-Өвлийн өвгөн болохын жаргал, зовлон нь юу вэ?

-Жил болгон чадлынхаа хэрээр сайн үйлсийн аянд нэгдэж бэлэг өгдөг. Энэ жил Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн тасагт эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг өгөхдөө хүнд өвдсөн хүүхдүүдийг харах нүд халтирам байсан. Өмнө нь хоол унд хомс, дулаан, бүтэн хувцасгүй хүүхдүүдийг харахаар өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрдөг байсан. Гэхдээ биеийн өвдөлт, зовлон туулж байгаа хүүхдүүд, хүүхдээ сахиж байгаа аав, ээж нарыг нарыг хараад өөрийн эрхгүй нулимс гараад, маш хүнд байлаа.

Нэг хүүхэд “өвөөдөө баярлалаа” гэж хэлэх гээд, тэр үгээ ч эвлүүлж хэлж чадахгүй тэвдэж байгааг харах үнэхээр хүнд байсан.

-Таны хүүхэд насны хамгийн дурсамжтай, дотно өвлийн өвгөн хэн байв, ямар шинэ жилийн баяр байсан бэ?

-Би бага ангийн сурагч байсан үе байх, манай сургуулийн биеийн тамирын багш сургуулийн шинэ жилийн баяраар өвлийн өвөө болдог байсан нь сэтгэлээс ер гардаггүй юм. Би сургуулийнхаа шинэ жилийн баяраар баавгай болдог байсан. Тиймээс яг тэр өдөр өвлийн өвөөтэй ойр, дэргэд нь байдаг болохоор “өө биеийн тамирын багш л байна” гээд таньчихдаг байсан юмаа.

-“Мэргэжил нэгтнүүдээ” мэдээж таньдаг, таардаг, мэддэг байх. Таны хувьд хамгийн үлгэр жишээ өвлийн өвгөн хэн бэ?

-Тэгэлгүй яахав. Цогоо ах /Монгол Улсын Гавьяат жүжигчин Ё.Цог/, жүжигчин Дашдондог их гоё өвлийн өвөө болдог. Дуу хоолой, хүмүүст хэлдэг ерөөлийн сайхан үгс зэрэг нь маш гоё. Би энэ өвлийн өвөө нар шиг өвлийн өвгөн болно доо гэж бодож, хичээдэг дээ.

-Таныг жинхэнэ өвлийн өвгөн гэж итгэсэн тохиолдол хэр олон байдаг вэ?

-Зөндөө шүү. Тухайлбал, ой зургаан сартай байх үеэс нь эхлүүлээд одоо зургаан нас хүрч байгаа хүүгийн гэр бүл жил жилийн шинэ жилийн баяраар алгасалгүй намайг гэртээ урьдаг юм. Тэр хүүг өвлийн өвөө зур гэхээр байнга намайг зурдаг гэсэн /инээв/. Энэ талаар бодохоор сайхан санагддаг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Манай сайтын уншигчдад өвлийн өвөөгийн хувиар шинэ жилийн баярын мэндчилгээ хүргэж, сайхан ерөөл дэвшүүлээч?

-За нийт уншигчдадаа эрүүл энх, саруул сайхан бүхний дээдийг хүсье ээ.

Цасан ширхгийн тоогоор инээд бэлэглэе

Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе

Амсаад бялхам аз жаргалыг бэлэглэе

Алгуурхнаар ирж буй

Шинэ оны мэндийг хүргэе ээ

Шинэ оноо сайхан угтаарай үрс минь...

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Батнамсрай: Андуурсан айлын хүүхдүүддээ бэлгээ өгчихөөд дэлгүүрээс бэлэг аваад, зөв айл руугаа ордог  
Үзсэн: 4324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-02 20:09
Amjilt hvsii dvvdee
Зочин [127.0.0.xxx] 2023-01-02 12:56
(y)
Зочин [127.0.0.xxx] 2022-12-31 17:54
Wow

Бидэнтэй нэгдээрэй