Шууд Chart

Хамгийн анх их зохиолч Д.Нацагдорж Монголд шинэ жил тэмдэглэж байжээ

2023-01-01 11:32:45

Бүх л улс орон шинэ жилийн баяраа тэмдэглэж буй энэ цаг үед дэлхийн хамгийн олон хүн тэмдэглэдэг эл баяртай холбоотой зарим сонирхолтой баримтуудыг хүргэе. Хамгийн анх он солигдох мөч, шинэ жилийг эртний Вавилончууд одоогоос 4000 гаруй жилийн тэртээ тэмдэглэж байжээ.

Одоогоос 90 жилийн тэртээ буюу 1931 онд их зохиолч Д.Нацагдорж Германд хамт сурч байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн нарын хэсэг нөхдийн хамт Монголд оргилуун дарс буудуулан шинэ жилийн баярыг тэмдэглэсэн. Энэ цаг үеэс манай улсад энэ баяр үүссэн түүхтэй. Гэвч шинэ жилийг Европ маягаар тэмдэглэснээсээ болж их зохиолч Д.Нацагдорж дөрвөн сар гаруй хугацаанд хоригдож, нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн.

Үүнээс хойш 12 жилийн дараа Монгол Улс шинэ жилийн баярыг анх удаа албан ёсоор тэмдэглэсэн. Тодруулбал, ЗХУ-д шинэ жилийн баярт оролцоод ирсэн МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Лувсангийн санаачилгаар 1943 онд шинэ жилийг тэмдэглэсэн юм.

Монголын хамгийн анхны өвлийн өвгөн бол ардын жүжигчин Г.Гомбосүрэн. Тэрбээр 1947 оны шинэ жилээр 28 настайдаа Монголын анхны өвлийн өвгөн болж байжээ. Түүний дараа ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин З.Жарантав, Б.Жаргалсайхан нар түүний “албан тушаал”-ыг өвлөж авсан аж.

Монгол өвлийн өвгөний хувцас цагаан өнгөтэй байдаг нь ариун цагаан сэтгэл, уужим саруул ухаан, амар амгалан байдлыг илтгэдэг. Харин цагаан сахал нь урт удаан наслахыг бэлгэддэг юм байна. Мөн монгол өвлийн өвөөгийн малгайн орой улаан сампин зангилаатай байдаг нь улаан залаат Монголчуудыг илтгэдэг аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хамгийн анх их зохиолч Д.Нацагдорж Монголд шинэ жил тэмдэглэж байжээ  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй