
“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “Хадгаламж” банк дампуураагүй хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзсэнийхээ хүрээнд 200 сая ам.доллараар үнэлэгдээд байсан банкаа Төрийн банктай нэгтгэсэн болохоо онцолсон юм. Ингэхдээ Төрийн банкинд 1.1 их наяд төгрөгийн актив, 553 тэрбум төгрөгийн зээлийн багц, салбаруудад бэлэн байсан 150 тэрбум төгрөг, 50 тэрбумын үнэт цаас, 600 тэрбумын цоо эрүүл зээл зэрэг хөрөнгийг хүлээлгэн өгсөн байна. Түүнээс зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж Стандарт банкнаас анх хэдэн сая төгрөгийн зээл авсан юм бэ?
-Стандарт банкнаас эхний ээлжинд 20 сая ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулсан. Гэхдээ би зээлээ хугацаанд нь бүгдийг нь төлөөд барагдуулчихсан. Улс хохироож байна гээд санаа зовоод байгаа хүмүүст тайван байж болно гэж хэлье.
-Зээлийн баталгаа гаргуулахдаа Төрийн өмчийн хорооны дарга Сугар, Эрдэнэт үйлдвэрийн Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гээд байгаа шүү дээ?
-Би 2008 онд Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж зээл авсан нь үнэн. Тухайн үеийн дарга нар, Сугар дарга хуулийн дагуу үзээд боломжтой бол баталгаа гарга гэдэг цохолт хийж өгсөн.
-Танайхыг зээл авахад Эрдэнэт үйлдвэр яагаад баталгаа гаргасан юм бэ?
-Бид нар 1997 оноос хойш олон жил хамтарч ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэрт шатахуун нийлүүлдэг. Биднийг ямар үйл ажиллагаа явуулж, юу хийдгийг мэддэг болохоор баталгаа гаргасан. Би зээлээ төлж дууссан.
-Тэгэхээр Стандарт банкнаас сүүлд авсан зээл дээр Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаагүй гэсэн үг үү. Яагаад одоо Эрдэнэт үйлдвэр рүү Стандарт банкнаас шаардлага хүргүүлээд байгаа юм бол?
-Эрдэнэт үйлдвэр манай хоёр хамтарч зэсийн баяжмалын наймааны зээл авсан.
-“Жаст” группын охин компаниудын санхүүгийн байдал ямар байна вэ?
-Би өнөөдрийн байдлаар бизнесмен биш, жирийн иргэн боллоо. “Жаст ойл” компаниа “Магнай трейд” компанид шилжүүлсэн. “Жаст агро” компаниа татан буулгаад махны хөтөлбөрийн зээлийн өрөнд тушаачихсан байна. Гэхдээ ямар ч найдваргүй зээл гэдэг нь ор үндэсгүй зүйл шүү.
-Одоо тэгээд Стандарт банкны өрийг хэрхэн барагдуулах вэ. Улс төлж магадгүй гэсэн яриа гарсан байна?
-Хэзээ ч улс төлөхгүй. Амьд хүн аргатай гэдэг дээ ямар ч байсан зээлээ барагдуулна. Миний зээлийг улсаас барагдуулах үндэслэлгүй учраас улсын мөнгөөр зээлээ төлүүлэх нь гэж санаа зовж байгаа хүмүүс тайван байж болно. Гэхдээ Засгийн газар цуглахаар “Хадгаламж” банкыг хувьчлаад миний өрнөөс хасах хүсэлт тавих бодолтой байна.
-Танд ямар нэгэн шахалт дарамт ирэв үү?
-Би аль ч намын гишүүн биш. Нэгэнт бизнес хийж байгаа хүн улс төрөөс хол байх ёстой. Тиймээс надад ямар нэгэн дарамт ирээгүй.

-Ерөнхий сайд байсан С.Баяртай таныг холбоотой гэх юм билээ?
-Бид хоёр 40 мянгатын нэг байранд хамт байдаг байсан. Миний хувьд хүндэлж явдаг лидер ах. Ер нь намайг бизнес хийхэд дэмждэг байсан хүн бол УИХ-ын дарга байсан С.Төмөр-Очир дарга. Тэр хүн намайг улс төр, намд битий ор гэж хэлсэн. Оросод Баяр даргыг элчин сайд байх үед намайг танилцуулж байсан.
-Та яагаад муу активтай хоёр банкыг худалдаж авсан юм бэ. Энэ нь Олон овоот төсөлтэй холбоотой байсан уу?
-Би Хадгаламж банкийг аваад банкны бизнесийг нэлээд сонирхож байсан. Олон сүлжээтэй гэдэг утгаараа Шуудан банкыг авсан. Гэхдээ би банкуудаа нэгтгэсэний дараа ийм хүнд байдалд орно гэдгийг мэдээгүй. Тэр миний дутуу судалгаа хийсэний алдаа. “Хадгаламж” банкийг Төрийн банктай нэгтгэснээр “Хадгаламж” банк дампуурлаа гэж маш олон хүн ярьсан. “Хадгаламж” банк дампуураагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Дампуурна гэж юуг хэлдэг вэ гэхээр тухайн банк ямар ч төлбөрийн чадваргүй болоод, харилцагчдынхаа шаардлагыг биелүүлж чадахгүй болохыг хэлдэг. “Хадгаламж” банк төлбөрийн чадвартай хэвээр байгаа. Харин хүндрэлтэй асуудал юу байна вэ гэхээр өөрийн хөрөнгийн чадамж юм. Ихээхэн хүндрэлтэй байсан банкийг өөртөө нэгтгэсэн, дээр нь хувьчлахаас өмнө “Хадгаламж” банк өөрөө хүнд байдалтай байсан зэрэг нь үүнд нөлөөлсөн.
-Хоёр, гурван жилийн өмнөөс танай банкны санхүүгийн асуудал хүндрэлтэй байсан юм биш үү?
-“Хадгаламж банкийг бид анх авах үед 180 тэрбум төгрөгийг “Жаст” групп дангаараа хариуцаж, гаргасан. Дараа нь “Монголшуудан” банкийг авахад бас чадваргүй болчихсон байсан. Үүнтэй холбоотойгоор бас л маш их хэмжээний эрсдлийг “Жаст” групп дангаар хариуцаад аваад явсан. Ер нь бол энэ хоёр банкийг нэгтгэсний дараа банкны үйл ажиллагааг эрүүлжүүлэх ажил 2010 оноос эхэлсэн. Монголбанкны мэдээлснээр “Хадгаламж” банкны үйл ажиллагаа 2011 оноос хойш хүндэрсэн мэтээр ярьж байна билээ. Миний бодлоор Монголбанкинд шинэ хүмүүс ажиллаж эхэлсэн учраас өмнөх асуудлаа тийм ч сайн мэдэхгүй байх шиг байна. Ш.Батхүү гэдэг хүн салбар компаниудаараа дамжуулаад 168 тэрбум төгрөг “Хадгаламж” банкнаасаа асар их зээл аваад дампууруулсан мэтээр ярьж байна. Тодорхой хэмжээнд зээл авсан.
-Тэгэхээр Олон овоотын нөөцийг Монгол газар компанийн Мянганбаяр хуурамчаар тогтоосон гэсэн. Энэ талаар?
-Энд хуурамчаар нөөц тогтоосон байсан. Өнгөрсөн хавар өндөр зардлаар нөөцийг нь тогтоолгоход 25 тоннын нөөцтэй хэмээн авсан А лицензтэй орд 4 тонн хүрэхгүй алтны нөөцтэй гэж тогтоосон. Хэрвээ энэ ажил амжилттай явсан бол өнөөдөр Хадгаламж банк ийм байдалд хүрэхгүй байсан. “Монгол газар” ХХК-н Мянганбаяртай хамтарсан нь миний хамгийн том алдаа боллоо. Манай банкны зах, зээлийн үнэлгээ бол 200 сая ам.доллар гээд үнэлчихсэн. Надад үнэхээр харамсалтай байна. Гэхдээ би Монгол банкны ерөнхийлөгчтэй хэд, хэдэн удаа уулзсан. Олон мянган хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болохоор цаашид сайн ажиллах байх л гэж бодож байна.
Ш.БАТХҮҮ: Эрдэнэт баталгаа гаргасан нь үнэн. Би Зээлээ төлж дууссан | ||
Үзсэн: 3243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.