Шууд Chart

Бүх ард түмний болон хүүхдийн спортын өвлийн их наадам ирэх сард болно

2023-01-24 14:39:14

Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д зааснаар Монголын бүх ард түмний спортын зуны болон өвлийн наадмыг дөрвөн жилд нэг удаа, Монголын хүүхдийн спортын наадмын зуны болон өвлийн төрлийг хоёр жил тутам нэг удаа зохион байгуулахаар журамласан.

Өвлийн спортын их наадмыг орон нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө Орхон аймаг, Баянхонгор аймаг өрсөлдсөн. Биеийн тамир спортын улсын хорооноос ажлын хэсэг 2022 оны аравдугаар сард Орхон аймагт ажиллаж, аймгийн өвлийн спортын барилга  байгууламж, зам, талбайн орчин, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадал зэрэгтэй танилцаж 10 гаруй шалгуур үзүүлэлтийг тавьснаар өвлийн спортын их наадмыг Орхон аймаг зохион байгуулах эрхийг авсан билээ.

Улсын хэмжээний хоёр томоохон өвлийн спортын наадмыг орон нутагтаа зохион байгуулснаар аймаг орон нутгаа сурталчлах, жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ эдийн засгийг сэргээх, орлогыг өсгөх, хүүхэд, залуучуудын дунд биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх цаашлаад Орхон аймаг, Эрдэнэт хотод шилжин амьдрах иргэдийн сонирхлыг татах гээд олон талын ач холбогдолтой.

Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын билэг тэмдэг хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадмыг билэгдсэн бол  Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадмын бэлгэдэл уламжлал ёсоор “Галхүү”  байна.

Хүүхдийн наадмын спортын наадмын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэл бөгөөд дараа дараагийн хүүхдийн спортын наадмын далбаа болж зохион байгуулах эрх авсан аймаг, хот, дүүрэгт шилжин явах онцлогтой юм.

Наадмын бэлгэдэл “Галхүү” хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг билэгдсэн. Наадмын бэлгэдлийг хүүхдүүдэд танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрлэжээ.

Мөн Орхон аймаг, Эрдэнэт хотыг зэс, оюу өнгөөр тодорхойллоо. Шаргал өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг, цайвар цэнхэр өнгөөр мөсийг билэгдэн энэ удаагийн өвлийн спортын наадмын өнгө төрхийг тодорхойлж, хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймаг өвлийн спортоор амьсгалахаар ийн  бэлтгэлээ хангаж байна. 

Наадмыг өвлийн олимпын наадмын хөтөлбөрт багтдаг гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, снөүборд  гэсэн зургаан спортын төрлийн зай, ангиллаар  зохион байгуулна.

Тамирчдыг бүртгэх цахим систем нэгдүгээр сарын 6-нд нээгдэж, энэ сарын 18-ны 22:00 цагт хаагдсан. Биеийн тамир, спортын улсын хороо аль дүүрэг, аймгаас хэдэн тамирчин оролцох мэдээллийг эцсийн байдлаар нэгтгэсэн бөгөөд өвлийн спортын хоёр их наадамд нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгаас 700 тамирчин, дасгалжуулагч оролцоно.

Орхон аймгаас 99 тамирчин оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хийж байна.

Өвлийн наадмын гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тэмцээн Цэнгэлдэх хүрээлэнд, шайбтай хоккейн тэмцээн Орос 19 дүгээр сургуулийн гадна талбайд, гүйлтийн цана, уулын цана, снөүбордийн тэмцээн Сархиа цанын баазад болно.

Өдгөө зам талбайг бэлдэх үндсэн ажил дуусч зам цэвэрлэгээ, мөс өнгөлөх зэрэг өдөр тутмын ажил хийгдэж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бүх ард түмний болон хүүхдийн спортын өвлийн их наадам ирэх сард болно  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй