Шууд Chart

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон БНЧУ хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа

2023-01-24 16:15:57

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Чех Улсад оршин сууж буй иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр” байгуулах ажлыг 2010 онд эхлүүлж, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо уг хэлэлцээрт гарын үсэг зурсан.
 
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ян Вытопил нар хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцоонд гарын үсэг зурлаа.
 
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр улсын иргэд шимтгэл төлсөн давхардаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох, мөн шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэврээ шилжүүлэн авах нөхцөл бүрдэж, нийгмийн баталгаа нь хангагдах юм.
 
Жишээ нь, Монгол Улсад 14 жил, БНЧУ-д 21 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж, амьдарсан Монгол Улсын иргэн А Монгол Улсад тэтгэвэр тогтоолгох бол хоёр улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн 35 жил төлснөөр тооцуулж бүрэн тэтгэврийн эрх үүсгэж, 14 жилд ногдох тэтгэврээ Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас, 21 жилд ногдох тэтгэврээ БНЧУ-ын талаас тогтоолгон авах боломжтой болно.
Өнөөдрийн байдлаар БНЧУ-д МУ-ын 12 мянга орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байна.
Эх сурвалж: ХНХЯ

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон БНЧУ хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй