Шууд Chart

Хог хаягдлыг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл

2023-01-28 09:16:52

Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”. Үүнийг дагаад хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, тээвэрлэх, дахин боловсруулах, булахтай холбоотой асуудал тулгарна. Энэ чиглэлд оновчтой, ухаалаг менежмент хийх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад нийслэлийн удирдлага анхаарч, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төсөл юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа уг төслийн явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотын хэмжээнд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт гурван том хогийн цэг бий. Төвлөрсөн эдгээр цэгт жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал ирдэг бөгөөд ландфил буюу дарж булах технологиор устгалд оруулдаг. Гэвч энэ технологи нь байгальд орчинд ээлгүй, хорт бодис ялгаруулдаг тул хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс дарж булах технологиос илүү хог хаягдлыг бүрэн хэмжээгээр боловсруулах үйлдвэрлэлийн арга технологийг ашиглах, хөгжүүлэх нь чухал болоод байна. Улаанбаатар хотын хувьд ч хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа онцолж байна.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг байдаг бөгөөд хог хаягдлыг дарж булах аргаар устгалд оруулдаг. Гэхдээ одоо бидний ашиглаж байгаа ландфил технологийн сул тал нь хог хаягдлыг боловсруулах боломжийг үгүй хийдэг. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Түүнчлэн хогийн төвлөрсөн цэгүүдийн насжилт ч өндөр тул хог хаягдлыг ангилах ялгах, мөн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнд цаашид онцгой анхаарал хандуулна. Эхний ээлжид хог хаягдал төрөлжүүлэн ангилах, боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Тухайлбал, “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн хүрээнд байгуулсан үйлдвэр жилд 5-6 мянган тонн хог төрөлжүүлэн ангилах хүчин чадалтай. Тэгэхээр дахиад 5-6 ийм үйлдвэр байгуулахад хотын хэмжээний ахуйн бүх хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаад, боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгоно. Түүнчлэн хүнсний хог хаягдлыг боловсруулан бордоо болгоод худалдах боломж ч бий” хэмээв.

Хог хаягдлыг ангилах, төрөлжүүлэхэд тулгарч буй бас нэгэн асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер өгүүлж байв. Иргэдийн ангилж ялгасан хогийг зориулалтын машинаар ачиж тээвэрлэх нь нэн чухал бөгөөд ингэснээр төрөлжүүлэн ялгах үйлдвэрт хүргэх, мөн боловсруулах шатанд ч түвэг чирэгдэл бага, бүтээмж өндөр байдаг аж.

Өөрөөр хэлбэл, хог хаягдлын ангилан ялгалт эхний цэгээс эцсийн цэг хүртлээ нэгдсэн зохион байгуулалттай байвал доголдохгүй. Тиймээс ангилж ялгасан хогийг тээвэрлэх зориулалтын машины хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай талаар хэлж байв.


Хог хаягдлыг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй