Шууд Chart

Турк улсад энэ сарын 12-ныг хүртэл үндэсний хэмжээний гашуудал зарлажээ

2023-02-07 15:03:05

Турк, Сирид болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 4350 болон нэмэгдээд байна.

Даваа гарагийн орой Турк улсад 2921 хүн амиа алдаж, 15834 хүн гэмтэж бэртсэнийг Туркийн Онцгой байдлын газрын тэргүүн Юнус Сезар мэдэгджээ. Тус улсад 7840 барилга байгууламж нуржээ.

Харин Сирид 1444 хүн амь үрэгдэж, 3530 хүн гэмтэж бэртсэн гэж “Франс Пресс” агентлаг дамжуулсан байна.

АНУ-ын Геологийн алба даваа гарагийн 04 цаг 17 минутын үед эхний газар хөдлөлтийг бүртгэсэн. Газар хөдлөлтийн голомт Туркийн зүүн өмнөд хэсгийн Газиантеп хотын ойролцоо 17.9 км-ийн гүнд байжээ. Эхний газар хөдлөлтийн дараа 40 гаруй удаагийн чичирхийлэл ажиглагдсан байна.

Хоёр дахь газар хөдлөлт даваа гарагийн орой Туркийн зүүн өмнөд хэсгийн Кахраманмараш хот орчимд бүртгэгдсэн. 7.6 магнитудын хүчтэй энэ газар хөдлөлтийн голомт Кахраманмараш мужийн Эльбистан бүсэд 7 километрийн гүнд байжээ.

Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй гэж ДЭМБ анхааруулсан байна.

Газар хөдлөлтөд Туркийн 10 гаруй хот өртсөн гэж мэдээлж байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган асар их хохирол, сүйрэл дагуулсан байгалийн гамшигтай холбогдуулан энэ сарын 12-ныг хүртэл үндэсний хэмжээний гашуудал зарлажээ.

Дэлхийн улс орнуудын удирдагчид Сири, Турк улсад эмгэнэл илэрхийлээд, тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Хоёр улсын зааг дээр болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Дани, Гренландад хүртэл мэдрэгдсэн гэж газар хөдлөлт судлаач Тине Ларсен мэдэгдсэн байна.

Турк улс дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог. 1999 онд тус улсын баруун хойд хэсгийн Измит бүсэд болсон хүчтэй газар хөдлөлтийн уршгаар 17 мянга гаруй хүн амиа алдаж байсан юм. 


Турк улсад энэ сарын 12-ныг хүртэл үндэсний хэмжээний гашуудал зарлажээ  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй