Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн 3 дахь жагсаал боллоо

2023-02-08 11:08:36
Error loading player: No playable sources found

Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн гурав дахь жагсаал өчигдөр боллоо. Жагсаалд 757 мянга орчим хүн оролцсоны 57 мянга нь нийслэл Парист цугларсан гэж мэдээллээ. 

Харин “Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо” хоёр сая хүн эсэргүүцэлд оролцсоны 400 мянга нь Парист жагссан гэж мэдээлж байна.

Францын үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн насыг 62-64 болгон нэмэхийг эсэргүүцэж байгаа юм. Тэд “Макрон бидний тэтгэврээс савраа тат”, “Бүх нийтийн дэмжлэггүйгээр шинэчлэл байж болохгүй” гэсэн уриа лоозон барьж, ухрахгүй гэдгээ дахин илэрхийлсэн байна.

Өчигдрийн жагсаал нэгдүгээр сарын 19, 31-нд болсон өмнөх жагсаалуудтай харьцуулахад ажил хаялт зарласан ажилтнуудын тоо цөөн ч тээвэр, эрчим хүч, дунд сургууль, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголджээ.

Парисын метро бага зэрэг сааталтай ажилласан бол Францын атомын цахилгаан станцын оператор “И-Ди-Эф” эрчим хүчний компанийн ажилтнуудын 37 хувь нь ажил хаялтад оролцсоноор, эрчим хүч үйлдвэрлэлээ 4 Гигаваттаар бууруулсан байна.

Дунд сургуулиудын хувьд улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор багш нар ажил хаялт зарлах нь цөөрсөн. Нийт багш нарын 14-15 хувь нь ажил хаясан гэж Францын Боловсролын яам мэдээлжээ. Төрийн албан хаагчдаас 20 хувь нь 7 хоногийн өмнө ажил хаясан бол энэ удаад 11 хувь болон буурчээ.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр “Блэк Блок” хөдөлгөөний төлөөлөгчид дэлгүүрийн лангуу, кафег эвдэн сүйтгэж, тэсрэх бодис ашигласан байна. Тэд цагдаа нарын өөдөөс лонх шидэж байлаа. Өчигдрийн жагсаалд 11 мянган цагдаа хэв журам сахиулсан байна.

Үйлдвэрчний эвлэлүүд дараагийн жагсаалаа хоёрдугаар сарын 11-ний бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэд амралтын өдөр илүү олон хүн оролцоно гэдэгт найдаж байна.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 19-нд тэтгэврийн шинэчлэлийн эхний жагсаал цуглааны үеэр Франц даяар хоёр сая гаруй хүн оролцсон бол 31-ний хоёр дахь эсэргүүцэлд 2.5-2.8 сая хүн оролцсон гэж үйлдвэрчний эвлэлүүд мэдээлж байсан юм.

Францын Ерөнхий сайд Элизабет Борн нэгдүгээр сарын 10-нд тэтгэврийн шинэчлэлээ танилцуулсан. Энэ үеэр тэтгэврийн насыг 62-64 болгон нэмж, Тэтгэврийн санд хураамж төлөх хугацааг 43 жил болгох санал дэвшүүлсэн байна.


Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн 3 дахь жагсаал боллоо   
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй