Шууд Chart

Тайвань нэн шинэ төрлийн далавчит пуужин туршлаа

2023-02-08 13:36:49

Тайванийн Чуншанийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн зэвсэг боловсруулагчид нэн шинэ төрлийн далавчит пуужин туршлаа.

Энэ пуужин 1200 километрийн зайд нисэх чадвартай гэж Хонконгийн “Сөүт Чайна Моонинг Пост” сонин дамжуулж байна.

Туршилтыг мягмар гарагийн өглөө явуулжээ. Пуужинг Пиндун хошууны Жюпен баазаас хөөргөсөн байна.

Энэ пуужинг “газар-газар” ангиллын, тусгалыг нь сайжруулсан “Эй-Эф 2-И” загварын пуужин гэж таамаглаж байна. Пуужингийн эх загвар нь 450 килограмм цэнэгт хошуу зөөвөрлөж чадвартай, өөрөө 1500-1600 килограмм жинтэй, 0.75-0.85 МАХ-ын хурдтай нисдэг гэж мэдээлж байна.

Сайжруулсан загвар 746 миль буюу 1200 хүртэлх километрийн зайд орших байг онох чадвартай гэхээр Хятадын эх газарт буюу зүүн эргийн Чиндао, Ухань зэрэг томоохон хотуудад цохилт өгөх боломжтой гэсэн үг гэж хэвлэлүүдэд дамжуулжээ.

Тайванийн Загас агнуурын газар туршилтаас өмнө агаарын болон тэнгисийн орон зайг хаах мэдэгдэл гаргасан юм. Тус мэдэгдэлд тэмдэглэснээр энэ сард дөрвөн удаа туршилт явуулна гэжээ.

Тайвань өнгөрсөн оны сүүлчээр пуужингийн зургаан удаагийн туршилт хийхээр төлөвлөсөн ч цаг агаарын таагүй нөхцөл, Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилалт зэргээс болоод хойшлуулсан байна.

Харин өнөөдрийн туршилт нь Чуншанийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгээс энэ онд хийж буй анхны туршилт юм байна.

Төрөөс санхүүждэг энэ хүрээлэн мөн арлын зэвсэгт хүчинд ашиглах, таван төрлийн дрон хөгжүүлэхэд компаниудтай хамтарч ажиллах юм байна.

Тайвань арлыг 1949 оноос хойш өөртөө засах засаг, захиргаа нь удирдаж байна.

Бээжин албан ёсоор энэ арлыг Хятадын нэг муж гэж үздэг. 2022 оны наймдугаар сард Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайбэйд айлчилсны дараа Тайванийг тойрсон нөхцөл байдал хурцадсан.

Ингээд айлчлал дууссаны маргааш нь Хятадын Ардын чөлөөлөх арми арлын ойролцоох бүсүүдэд цэргийн томоохон сургуулилалт явуулж эхэлсэн юм.


Тайвань нэн шинэ төрлийн далавчит пуужин туршлаа  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй