Шууд Chart

Володимир Зеленский Оросын довтолгооноос хойших хилийн чанадын 2 дахь айлчлалаа эхэлжээ

2023-02-09 15:29:16

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын довтолгооноос хойш хилийн чанадын хоёр дахь айлчлалаа өчигдөр эхэлжээ.

Тэрбээр хамгийн түрүүнд Их Британийн Лондон хотноо бууж, тус улсын Ерөнхий сайд Риши Сунактай уулзаж, Гуравдугаар Чарльз хаанд бараалхсан байна. Үүний дараа Парис хотноо очиж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай уулзжээ.

Тэрбээр өнөөдөр Брюссель хотноо очиж, Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоос гадна Евро парламентад үг хэлэх юм байна.

Володимир Зеленский Лондон хотод Риши Сунактай уулзах үеэрээ тусламж дэмжлэг үзүүлж байгаад нь талархал илэрхийлээд, Украины зэвсэгт хүчинд сөнөөгч онгоц нийлүүлэхийг хүссэн байна.

Британийн Ерөнхий сайд энэ хавраас Украины нисгэгчдийг сургахаа амлаад, Киевт цэргийн онгоц нийлүүлэх боломжтой эсэхийг судлахыг Батлан хамгаалахын сайддаа үүрэг болгожээ.

Түүнчлэн гуравдугаар сард “Чэлленжер 2” танк нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Мөн ирэх зургаадугаар сард Украиныг сэргээн босгох олон улсын бага хурлыг Лондон, Киев хамтарч зохион байгуулахаар болсон байна.

Их Британи улс Украины дайн эхэлснээс хойш тус улсад 4 тэрбум орчим фунт стерлингийн тусламж үзүүлжээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленский Лондоны айлчлалын дараа Францын Парис хотыг зорьсон. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай хийсэн уулзалтын үеэр хоёр улсын төр, засгийн газрын тэргүүн Оростой хийж буй дайнд ялуулахын тулд Украиныг дэмжинэ гэдгээ дахин илэрхийлсэн байна. Тэд цэргийн тусламж үзүүлэхээ мөн амлажээ. 

“Франц, Герман улс нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх чадвартай. Украин улс алсын радиуст үйлчлэх зэвсэг, орчин үеийн онгоц хурдан авах тусам бидний эвсэл илүү хүчирхэг болно” гэж Володимир Зеленский энэ үеэр мэдэгджээ.

Пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюсселийг зорих төлөвтэй байна.


Володимир Зеленский Оросын довтолгооноос хойших хилийн чанадын 2 дахь айлчлалаа эхэлжээ  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй