
Турк, Сирид даваа гарагт болсон газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан нийт хүний тоо одоогийн байдлаар 15 мянгыг даваад байна.
Турк улсад 13 мянга орчим хүн амиа алдсан гэсэн бол Сирид хохирогчдын тоо харилцан адилгүй байна. ДЭМБ хоёр улсад газар хөдлөлтийн улмаас хохирсон хүний тоо 23 саяд хүрч болзошгүй гэж анхааруулжээ.
Эхний газар хөдлөлтөөс хойш 285 удаа чичирхийлэл бүртгэгдсэн байна. Өнөөдөр Туркийн зүүн хэсэгт мөн 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ бол тус бүсэд сүүлийн хэдэн арван жилд гараагүй хамгийн хүчтэй газар хөдлөлт. Харамсалтай нь ойрын жилүүдэд Турк улсад дахин ийм хүчтэй газар хөдөлж болзошгүй. Байгалийн гамшигт 15 сая хүн амтай Истанбул хот өртөх илүү өндөр эрсдэлтэй гэж судлаачид анхааруулжээ.
Тухайлбал, Истанбулын техникийн их сургуулийн Евразийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал асан, профессор Окан Туйсуз “Истанбул хот 2030 он хүртэл 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртөх магадлал 65 хувь” гэж 2006 онд Британийн “Гвардиан” хэвлэлд мэдээлж байжээ.
Үүнээс хойш эрдэмтэд олон судалгаа шинжилгээ явуулаад 2045 он хүртэл 7-гоос дээш магнитудын газар хөдлөх магадлал 35-95 хувь гэж тогтоосон байна. Эдгээр судалгааг Туркийн төдийгүй АНУ-ын Геологийн алба, Итали, Франц, Японы шинжээчид, олон улсын даатгалын фирмүүд хүртэл явуулжээ.
Истанбул хот нь Анатолье болон Евразийн тектоник хавтангуудын заагт оршдог. Хавтангийн хөдөлгөөн нь томоохон газар хөдлөлт үүсгэдэг байна.
Истанбул орчимд сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд 6-7 удаа хүчтэй газар хөдөлж байсан түүхтэй. Хамгийн сүүлд 1999 онд Измит хотод 7 магнитудын газар хөдөлсөн нь Истанбултай хамгийн ойрхон байжээ.
Истанбул хотын захиргаанаас 2021 онд танилцуулсан нэгэн тайланд 7.5 магнитудын газар хөдөлсөн тохиолдолд 1.1 сая гаруй барилгын 209 мянга нь бүрэн буюу хэсэгчлэн нурах эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Өнөөдөр Туркийн зүүн хэсэгт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.