Шууд Chart

Нурангид дарагдсан хүмүүс гэмтлээсээ шалтгаалаад 7 хоног, зарим нь түүнээс дээш хугацаагаар тэсэх магадлалтай

2023-02-09 16:31:33

Газар хөдөлсний дараа нурангид дарагдсан хүмүүс гэмтэл бэртлээсээ шалтгаалаад дээд тал нь 7 хоног, зарим тохиолдолд түүнээс дээш хугацаагаар тэсэх магадлалтай гэж мэргэжлийн хүн ярьжээ.

Туркийн өмнөд бүсэд газар хүчтэй хөдөлсний дараа тус улсад болон Сирид нурангид дарагдсан хүмүүс хэдий хугацаагаар амь аргацааж, эсэн мэнд үлдэх боломжтой вэ гэдэг асуулт гарч байна.

“Дээд тал нь 7 хоног, зарим ховор тохиолдолд түүнээс урт хугацаанд гамшигт өртсөн хүмүүс тэсч гарах боломжтой. Гэхдээ гэмтэл бэртэл, нурангид хэр дарагдсан, цаг агаар хэр байсан зэргээс шалтгаална. Мөн тэдний амьд үлдэх боломж ус, амьсгалах агаараас ихээхэн хамаардаг” хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарласан байна.

Сири, Турк улсын хувьд өвлийн хүйтэн нөхцөл байдал аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа юм.

Аврах ажиллагаа гамшгийн дараах 24 цагийн дотор өрнөж, үүнээс цааш, эсэн мэнд үлдэх боломж өдөр ирэх тусам буурдаг байна. Учир нь ихэнх хүмүүс ноцтой гэмтэж, нурсан эд зүйлсэд дарагдсан байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна.

“Ер нь 5-7 өдрийн дараа амьд үлдэгсдийг олох нь ховор байдаг бөгөөд эрэн хайх, аврах багууд тэр үед ажиллагаагаа зогсоох талаар бодож үздэг” хэмээн Массачусетсын Ерөнхий эмнэлгийн яаралтай тусламжийн болон гамшгийн анагаах ухааны мэргэжилтэн, доктор Жэрон Ли ярьжээ.

Гэсэн хэдий ч “7 хоногийн дараа амьд үлдсэн олон түүх байдаг. Харамсалтай нь эдгээр нь ихэвчлэн ховор, ер бусын тохиолдол” гэж тэрээр хэлж байна.

Няцарсан, мөчөө тасдуулсан гэх мэт гэмтэлтэй хүмүүсийн тэсэх боломж маш бага байдаг хэмээн Америкийн Нортвестэрн их сургуулийн "Файнберг" анагаахын сургуулийн яаралтай тусламжийн мэргэжилтэн, доктор Жорж Чиампас өгүүлжээ. Тэрбээр “Хэрэв тийм хүмүүсийг нэг цагийн дотор, тэр алтан цагт багтан гаргаж авахгүй бол амьд үлдэх магадлал үнэхээр бага байна” хэмээжээ.

Түүнчлэн “Нас, бие бялдар, сэтгэл санааны байдал бүгд амьд үлдэхэд чухал, аймшигтай нөхцөл байдлаас тэсч гарсан үнэхээр гайхамшигтай зарим тохиолдлыг харахад, мэнд үлдэгсэд ихэвчлэн залуу хүмүүс байдаг бөгөөд нуранги дотроос ус гэх мэт хэрэгцээтэй зүйлсийг олсон байдаг” хэмээн Калифорнийн их сургуулийн мэргэжилтэн, доктор Кристофер Колвел ярьсан байна. 


Нурангид дарагдсан хүмүүс гэмтлээсээ шалтгаалаад 7 хоног, зарим нь түүнээс дээш хугацаагаар тэсэх магадлалтай   
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй