Шууд Chart

Монголын цэргийн эмч, эмнэлгийн ажилтны баг БНТУ-д хээрийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

2023-02-10 10:08:38

Тодруулбал, БНТУ-ын ард түмэнд туслахаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч  хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч нар дэд хурандаа Л.Лувсандоржийн удирдлага дор гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийн гэсэн гурван чиглэлээр үүрэг гүйцэтгэх цэргийн эмч, эмнэлгийн ажилтны баг БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монголын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд ямар дадлага, туршлага, ур чадвар бүхий алба хаагчид багтан үүрэг гүйцэтгэж буй талаар Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од "Монголын эмч, эмнэлгийн ажилчид үүрэг гүйцэтгэх газар орондоо цэргийн хээрийн II шатны эмнэлгийг дэлгэж эмнэлэг-хүмүүнлэгийн үйл ажиллагааг үзүүлнэ. Эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд мэс засал, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эмч, сувилагч нар үүрэг гүйцэтгэж байна. Тус бүлгийн үндсэн үүрэг нь анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Ташрамд дурдахад, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Цэргийн төв эмнэлгийн үе үеийн цэргийн эмч, эмнэлгийн ажилтнууд энхийг сахиулах ажиллагаанд оролцон дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байсан туршлагатай. БНТУ-ын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний хувьд ч мөн адил БНӨСУ, Чад, Сьерра-Леон, Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай эмч, эмнэлгийн ажилтнууд. Тэр дундаа 2010 оноос хойш Бүгд найрамдах Судан улсын Дарфур мужид явагдсан энхийг сахиулах "UNAMID" ажиллагаанд цэргийн хээрийн II шатны эмнэлэг дэлгэгдэхэд хээрийн эмнэлгийн хагалгааны орчинд багагүй туршлага хуримтлуулж чадсан. Тиймээс Монголын эмч, сувилагч нар бие болоод сэтгэл зүйн хувьд ямар ч нөхцөлд дасан зохицох бүрэн чадвартай" гэсэн юм.

Мөн БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлж буй Монгол Улсын багийнхантай Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар уулзсан байна. Тэрбээр шаардлагатай тусламж дэмжлэг, бусад асуудлаар ярилцаж "Хүнд цаг үед тусалж байгаа Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд туркчууд гүн талархаж байгааг уламжилъя. Та бүхэн минь аюулгүй байдлаа сахин хамгаалж ажиллаарай" гээд амжилт хүссэн.

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн алба хаагчид орон нутгийн иргэдтэй англи болон төрөлх хэлээр нь чөлөөтэй харилцаж, газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутгийн иргэдэд эмнэлгийн  тусламж үйлчилгээ үзүүлэх хээрийн эмнэлгээ дэлгэх ажил ид өрнөж байна. Зовж зүдэрсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж, бараа, материал нэн яаралтай хэрэгцээтэй байгаа учир боломжтой бүхнээр тусалж байна. Ажлын байр бэлэн болмогц эмнэлгийн тусламж үзүүлэх үндсэн ажилдаа орох аж.

БНТУ-ыг зорьсон цэргийн алба хаагч нар газар орны цагийн байдлаас шалтгаалан тус улсын Хатая хотын Антакая дүүрэгт байрлан ажиллаж байна. Бие бүрэлдэхүүн газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хээрийн эмнэлгийн майхнаа дэлгэж дуусчээ. Одоо тоног төхөөрөмжүүдээ угсарч байна. Орон нутгийн цагаар 08:00 цагаас хээрийн эмнэлгийн байрандаа тусламж үйлчилгээг эхлүүлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын цэргийн эмч, эмнэлгийн ажилтны баг БНТУ-д хээрийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ  
Үзсэн: 2885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
B [127.0.0.xxx] 2023-02-10 10:19
Ymar mundag ym be ta nardaa amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй