
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим агаарын орон зайг нь зөрчсөнийг буруутгасан тогтоолоо санал нэгтэйгээр баталлаа.
Америкийн Агаарын цэргийн хүчний өнгөрөгч бямба гарагт сөнөөсөн Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг нь Америкийн харилцаа холбооны хэрэгслийг тандах чадвартай ажиглалтын цахим системээр тоноглогдсон гэж тус улсын засаг захиргаа үзсэн байна. Энэ талаар Төрийн департаментын өндөр албан тушаалын төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдсэнийг “Си-Эн-Эн” агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн хэлснээр, агаарын бөмбөлөг нь тагнуулын мэдээлэл цуцлуулах чадвартай, дэлхийн таван тивийн 40 гаруй улсын дээгүүр ниссэн БНХАУ-ын агаарын бөмбөлгийн флотын бүрэлдэхүүнд багтдаг гэжээ.
Түүнчлэн энэ агаарын бөмбөлгийг үйлдвэрлэсэн компани нь Хятадын армитай холбоотой гэж мэдээлсэн байна.
Пүрэв гарагт Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Энэ үеэр Хятадын агаарын бөмбөлгийн боломж, чадавх, түүнийг хэрхэн сөнөөх шийдвэр гаргасан зэргийг албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлжээ. Үүний дараахан Төлөөлөгчдийн танхим 419 гишүүний саналаар, “АНУ-ын агаарын орой зай дотор Хятадын тагнуулын бөмбөлөг орж ирсэн нь улс орны тусгаар тогтнолыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” гэсэн тогтоолыг баталсан байна.
Энэ тогтоолд түүнчлэн Хятадын Коммунист намыг тагнуулын мэдээлэл цуглуулдаг аяныхаа талаар худал мэдээлэл өгч, олон улсын нийгэмлэгийг хууран мэхлэхийг оролдсон гэж шүүмжилжээ.
Тогтоолыг зайлшгүй дагаж мөрдөх албагүй. Гэхдээ АНУ-ын агаарын орон зайг зөрчсөн асуудалд бүгд найрамдахчууд, ардчилагчид санал нэгтэй гэдгийг харуулах зорилготой гэж мэдээлж байна.
Хууль тогтоогчид түүнчлэн Жо Байдены засаг захиргаанаас болсон явдлын талаар нэмэлт мэдээлэл өгөхийг шаардсан. Пүрэв гарагт Сенатын Хуваарилалтын дэд хороо Пентагоны төлөөлөгчдийг сонсголд дуудсан байна.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман Төлөөлөгчдийн танхимын тусгай сонсголд мэдүүлэг өгчээ.
Холбооны мөрдөх товчоо Атлантын далай дээгүүр явах нь сөнөөсөн агаарын бөмбөлгийн үлдэгдлийг уснаас гаргаж ирээд, тусгай лабораторид судалж байгаа юм.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим агаарын орон зайг нь зөрчсөнийг буруутгасан тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа | ||
Үзсэн: 483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.