
АНУ, Их Британийн засаг захиргаа мөнгө угаагч вирус ашигласан халдлагуудад буруутай Оросын хакеруудын бүлэглэлд хориг тогтоожээ.
Хоёр улс хакеруудын нэрсийг зарлаад зогсохгүй тэдний зургийг хүртэл ил тавьсан байна. Тэдний гадаадад байгаа хөрөнгийг царцааж, хил нэвтрэхийг нь хоригложээ.
Оросын зургаа, Украины нэг иргэнийг “Трикбот” нэртэй хакерын бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцож, АНУ-ын сонгуулийн үйл явцад хүртэл нөлөөлөхийг оролдсон гэж Америкийн засаг захиргаа үзсэн байна.
Тэдний гаргасан мөнгө угаагч программууд нь компьютер системийн үйл ажиллагааг зогсоож, серверүүдийн мэдээллийг нь хулгайлдаг аж. Үүний дараа тэд эзэмшигчид буюу байгууллагуудын удирдлагуудад криптовалютаар мөнгө шаарддаг гэжээ.
Их Британиас эдгээр хакерууд “Конти”, “Рюк” нэртэй мөнгө угаагч программын тусламжтайгаар 32 сая орчим доллар хууль бусаар авсан гэж мэдээлж байна.
“Конти” вирусийг зохион бүтээсэн бүлэглэлийнхэн ихэвчлэн эмнэлэг, дунд сургууль, байгаль орчныг хамгаалах байгууллагууд руу халддаг байна. Зөвхөн 2021 онд л гэхэд тэд 180 сая долларын хэмжээтэй мөнгө угаасныг “Чэйналисис” компанийн шинжээчид зарлажээ.
Тухайлбал, цар тахлын үеэр “Конти” программын тусламжтайгаар Ирландын эрүүл мэндийн системд халдсаны улмаас эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа 10 хоног тасалдаж, шинжилгээний хариуг хугацаанаа гарах, радио, химийн эмчилгээ хийгдэх боломжгүй болсон байна. “Конти”-гийн халдлагад түүнчлэн Британийн тээврийн компани өртөж байжээ.
Кибер гэмт хэрэгтнүүд Оросоос ажиллаж, Америкийн нэн чухал дэд бүтэц, компаниуд руу халдахыг оролддог, түүнчлэн олон улсын санхүүгийн системийг ашигладаг гэж АНУ-ын Сангийн дэд сайд Брайан Нельсон мэдэгдсэн байна.
Хакеруудыг Оросын нутаг дэвсгэрээс гараагүй тохиолдолд шууд баривчлах боломжгүй. Оросын засаг захиргаа кибер гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагаанд таатай орчин бүрдүүлсэн гэдгээ олон жилийн турш үгүйсгэж ирсэн. Гэхдээ хакеруудын олон бүлэглэл Орост үйл ажиллагаа явуулдаг болохыг шинжээчид баталдаг байна.
АНУ, Их Британи улс 2020 онд мөн хакеруудын өөр нэг бүлэглэлийн эсрэг хамтарсан хориг тавьж байсан юм.
АНУ, Их Британи мөнгө угаагч вирус ашигласан халдлагад буруутай хакеруудын бүлэглэлд хориг тогтоожээ | ||
Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.