
Зүүн Иерусалимд цуврал алан хядах ажиллагаа болсны дараа Израилын засаг захиргаа Иордан голын Баруун эргийн 9 сууринг хуульчлан зөвшөөрөхөөр шийдвэрлэжээ.
Израилын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн танхимын ням гарагийн хуралдааны үеэр тус улсын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир Иудей, Самари дахь хууль бус 77 сууринг хуульчлах санаачилга гаргасан байна. Харин Израилын Засгийн газар 9-д нь албан ёсны статус олгохоор шийдвэрлэжээ. Захирамжид тэмдэглэсэн суурингууд нь байгуулагдаад олон жил болж байна. Одоо мэргэжлийн хороо эдгээр суурингийн нутаг дэвсгэрт орон сууцны барилга нэмж барих асуудлыг хэлэлцэнэ гэжээ.
Түүнчлэн Зүүн Иерусалимд цагдаа нарын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ. Энэ бол маш ховор тохиолдол гэж “Иерусалим Пост” сонинд мэдээлсэн байна. Тэр дундаа энэ нь АНУ-тай байр суурьтай харшилдаж байна гэж “Дойчэ Прессе Агентур” агентлаг дамжуулжээ. Израилд өнгөрөгч 12 дугаар сарын сүүлчээр шинэ Засгийн газар бүрдсэн. Бенжамин Нетаньяхугийн шинэ Засгийн газар Иордан голын Баруун эргийн эзлэгдсэн суурингуудыг өргөжүүлэх бодлого баримтална гэдгээ зарласан юм. Харин Араб, Исламын орнуудын удирдагчид, өндөр албаны төлөөлөгчид Баруун эргийн Иерусалимд Израил барилга буулгах, суурин өргөжүүлэх зэрэг нэг талт арга хэмжээ авч байгааг шүүмжилж байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Зүүн Иерусалимд цуврал 3 алан хядах ажиллагаа болсон юм. Хоёр дугаар сарын 10-нд еврейн Рамот дүүрэгт алан хядагч нэг эмэгтэй автомашинаараа автобусны буудлыг дайрсны улмаас 3 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна. Үүнээс өмнө 1 дүгээр сарын 28-нд “Давидын хот” нэртэй археологийн паркад 13 настай хүүхэд дэргэдүүр нь зөрсөн хүмүүс рүү гал нээж, хоёр хүн шархдуулсан бол 1 дүгээр сарын 27-нд алан хядагч эмэгтэй “Неве Яаков” хороололд еврейн сүмийн ойролцоо мөн л гал нээж, 7 хүний аминд хүрч, 3 хүнийг шархдуулсан юм.
Израилын засаг захиргаа Иордан голын Баруун эргийн 9 сууринг хуульчлан зөвшөөрөхөөр шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.