Шууд Chart

Гвиней улсад үхлийн аюултай "марбург" вирус анх удаа дэгджээ

2023-02-14 12:17:07

Экваторын Гвиней улсад үхлийн аюултай "марбург" вирус түүхэндээ анх удаа дэгдсэнийг ДЭМБ зарлалаа.

Вирусний улмаас одоогийн байдлаар 9 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.

Урьдчилсан шинжилгээгээр "марбург" вирусний эерэг хариу гарчээ. Уг халдварын улмаас баруун Киентем мужид 9 хүн нас барсан. Мөн халуурах, ядрах, гүйлгэх, цусаар бөөлжих шинж тэмдэгтэй 16 хүн бүртгэжээ.

ДЭМБ баруун Африкийн энэ жижиг улсад халдварын дэгдэлт гарсныг батлаад, цаашдын судалгаа үргэлжилж байна, халдвар илэрсэн бүсэд хавьтлуудыг тогтоож, өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлж байна гэжээ.

Экваторын Гвиней улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт цусархаг халууралтыг хэд хэдэн тохиолдлын шалтгааныг судалж байна гэж анх мэдэгдсэн. Гэхдээ тухайн үед гурван хүнээс хөнгөн шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлж байжээ.

Халдвар тархсан бүс нь Габон, Камеруны хилээс холгүй орших өтгөн шигүү ой дунд байдаг суурин юм байна. Киентем муж болон хөрш Монгомод эрүүл мэндийн байдлын сэрэмжлүүлэг зарласан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

"Марбург" вирус нь Эбола вирусний адил филовирусний бүлд багтдаг. Энэ хоёр өвчин өөр өөр вирусээр үүсгэгддэг ч эмнэл зүйн хувьд ижил шинэ тэмдэг илэрдэг байна.

"Марбург" вирус сарьсан багваахайнаас хүнд дамжиж, улмаар хүн хооронд биеийн шингэнээр, түүнчлэн материал, гадаргуунд хүрэлцэх замаар халдварладаг байна. Одоогоор энэ халдварыг эмчлэх эм бэлдмэл, хамгаалах вакцин гараагүй гэж ДЭМБ мэдээлж байна.

"Марбург" вирусний халдварын тохиолдлууд өмнө нь зөвхөн Ангол, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Кени, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Угандад гарч байсан бол сүүлд Гана улсад илэрчээ.

Өвчний дэгдэлтийн үед нас баралтын эзлэх хувь 24-88 хувь байдаг. 2004 онд Ангол улсад 252 хүн "марбург" вирусний халдвар авахад 90 хувь нь нас барж байсан түүхтэй юм байна.

Харин өнгөрсөн онд Гана улсад гарсан дэгдэлтийн үеэр хоёр хүн нас баржээ. 

 


Гвиней улсад үхлийн аюултай "марбург" вирус анх удаа дэгджээ   
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй