Шууд Chart

АНУ Хятадын бөмбөлгөөс тагнуулын мэдээлэл цуглуулах зориулалттай мэдрэгч илрүүлжээ

2023-02-14 13:06:52

Америкийн цэргийн команд Хятадын бөмбөлгөөс тагнуулын мэдээлэл цуглуулах зориулалттай мэдрэгч илрүүлсэн байна.

Өмнөд Калифорнийн эргийн ойролцоо энэ сарын 4-ний өдөр устгасан Хятадын бөмбөлгөөс ноцтой электрон хэрэгслүүд илрүүлсэн гэж Америкийн цэргийн Умард команд даваа гарагт мэдэгдсэн байна.

Албаны мэдэгдэлд бичсэнээр үүнд тагнуулын мэдээлэл цуглуулах зориулалттай мэдрэгчүүд гэх мэт хэрэгслүүд байсан байна. Эрлийн багийнхан бөмбөлгийг устгасан хэсгээс мэдрэгч, электроникийн бусад хэсгүүд гэх мэт их хэмжээний үлдэгдэл сэргээж гаргаж ирсэн гэж тус мэдэгдэлд бичсэн байна.

Америкийн талаас Хятадын энэ бөмбөлгийг тагнуулын зориулалттай бөмбөлөг байсан гэж мэдэгдсэн ч Бээжин үүнийг няцааснаар хоёр улсын харилцаа хурцдаад байна.

Мөн үүнээс хойш Америкийн цэргийн удирдлагууд тус улсын агаарын зайд нэвтэрсэн өөр гурван объектыг илрүүлж устгаад байна.

Одоогоор Нэгдсэн улсын цэргийн удирдлагууд, Жо Байдены Засгийн газрын аль аль нь уг объектууд хэрхэн тус улсын агаарын зайд нэвтэрч, хэн тэдгээрийг бүтээсэн талаар, мөн тэдгээр төхөөрөмжүүд тагнуулын мэдээлэл цуглуулж авсан эсэх талаар олон зүйл тодорхойгүй байгааг хүлээн зөвшөөрөөд байна.

Даваа гарагт Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин үл мэдэгдэх объектууд цэрэг, дайны аюул заналхийлэл учруулаагүй гэж олон нийтийг тайвшруулсан байна.

Гэхдээ иргэний нисэхийн хувьд эрсдэл дагуулсан, мөн тагнуулын мэдээлэл цугуулсан байх магадлалтай гэж тэрбээр ярьжээ.

Түүнчлэн сүүлийн объектыг илрүүлж устгахад бөмбөлгийг устгахаас төвөгтэй байсан гээд хэмжээний хувьд жижиг, радарт илрэхгүй байсан гэж Америкийн цэргийн удирдлагууд мэдээлээд байна.

Одоогоор сүүлд устгасан 3 объектын 3 бөмбөлгийн нэгийнх нь ч үлдэгдэл сэргээгүй гэж Пентагоны тэргүүн мэдэгдээд байна.


АНУ Хятадын бөмбөлгөөс тагнуулын мэдээлэл цуглуулах зориулалттай мэдрэгч илрүүлжээ   
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй