Шууд Chart

Шинэ Зеландад онц байдал зарлажээ

2023-02-14 13:51:21

Шинэ Зеландын засаг захиргаа “Габриэль” хар салхинаас учирсан хохирлыг арилгах зорилгоор орон даяар онц байдал зарлажээ. Тодруулбал, “Шинэ Зеландын Засгийн газар хоёрдугаар сарын 13-нд нутаг дэвсгэрийг нь дайран өнгөрсөн “Габриэль” хар салхины үр дагаврыг арилгахын тулд нутаг дэвсгэр даяараа онц байдал зарлалаа.

Тус улсын Онц байдлын удирдлагын сайд Киран Макэналти "Энэ бол Шинэ Зеландын түүхэнд орон даяар ийм дэглэм тогтоосон гурав дахь тохиолдол болж байна” гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө 2011 онд Крайсчөрч хотод болсон 6.3 магнитудын газар хөдлөлт, мөн "Ковид-19" цар тахлын эхний өдрүүдэд гээд хоёрхон удаа орон даяар онц байдал зарлаж байсан байна. 

Онц байдал нь байгалийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, нэмэлт нөөц гаргах, гамшгийн үр дагаврыг арилгах яаралтай арга хэмжээний жагсаалт гаргах зэрэг шуурхай ажиллагаа явуулахад илүү дөхөм болно.

Тус улс “Габриэль” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан өчигдөр зөвхөн Шинэ Зеландын Умард арлын ихэнх хэсэгт онц байдлын дэглэм зарласан юм. Энэ дагуу эргийн ойролцоо амьдардаг хүмүүсийг орон гэрээ орхих зөвлөмж өгсөн байна.

Хар салхины улмаас тус улсын томоохон хот болох Оклэнд, мөн бусад хотод их хэмжээний аадар бороо орж, зам харгуй хаагдсан. Нийт 18.5 мянган айл өрх цахилгаангүй, холбоогүй болж, нийтийн тээврийн хөдөлгөөн, хот хоорондын галт тэрэг, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа зогссон байна. Бүсийн олонх сургууль, хүүхдийн цэцэрлэг, номын сан, спорт байгууллагуудыг хаажээ.

Одоогоор нас баралт бүртгэгдээгүй гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс мэдэгдсэн. Энэ мэдээллийн дараахан Оклэнд хотод дөрвөн хүн амь үрэгдсэн гэж зарим хэвлэлд дамжуулжээ. 


Шинэ Зеландад онц байдал зарлажээ  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй