
Дэлхийн дулаарлаас үүдэлтэй далайн усны түвшин нэмэгдэж байгаа нь томоохон хэмжээний сүйрэл дагуулж болзошгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш анхаарууллаа.
Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Далайн түвшний нэмэгдлийн дэлхий ертөнц болон аюулгүй байдалд үзүүлэх үр дагаврын асуудлаарх хуралдааны үеэр ингэж мэдэгджээ.
Энэ асуудал жижиг арлын улсуудад төдийгүй дэлхийн олон орны эргийн бүсэд, хөгжингүй орнуудад ч хамаатай гэдгийг Антонио Гутерриш тэмдэглэсэн байна. Үүнд загас агнуур, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар хамгийн ихээр өртөнө. Хүмүүс орон гэр, амь зуух хэрэгслээ алдана гэжээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас шинэ мэдээлэл гаргасан байна. Уг мэдээллээр, 20-р зуунд дэлхийн далайн түвшин сүүлийн 3000 жилийн аль ч зуунаас илүү хурдан нэмэгдсэн байна.
Түүнчлэн дэлхийн далайн ус сүүлийн 11 мянган жил дотроос сүүлийн 100 жилийн хугацаанд хамгийн ихээр халсан гэжээ. Хэрэв дэлхийн температур хоёр градусаар өсвөл далайн түвшин нэмэгдэх нь хоёр дахин ихэснэ.
Үүний улмаас Лагос, Мапуто, Бангкок, Дакка, Жакарта, Мумбай, Шанхай, Копенгаген, Лондон, Лос-Анжелес, Нью-Йорк, Буэнос-Айрес, Сантьяго зэрэг дэлхийн бүх тивийн том хотуудад ноцтой үр дагавар учирч болзошгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлжээ.
Түүнчлэн Фижи, Вануату, Соломоны арлуудын иргэд олноороо нүүн шилжихэд хүрнэ. Хойд Африкт давстай ус хөрсөнд нэвчиж, цэвэр устай холилдсоноор тариалан эрхлэх боломжгүй болох бол Сомалид цэвэр усны нөөцийн төлөөх тэмцэл нэмэгдэнэ гэжээ.
НҮБ-ын тооцооллоор манай гараг дээр өдгөө усанд автах эрсдэлтэй нам дор газарт 900 сая хүн ам амьдарч байна. Далайн түвшин нэмэгдсэнээс болоод бүхэл бүтэн улс орнууд үүрд арчигдах эрсдэлтэй гэж Антонио Гутерриш анхааруулжээ.
Антонио Гутерриш: Дэлхийн дулаарлаас үүдэн далайн усны түвшин нэмэгдэж буй нь томоохон хэмжээний сүйрэл дагуулж болзошгүй | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.