
Бельгийн Брюссель хотноо орших НАТО-гийн төв байранд өчигдөр Украины батлан хамгаалах асуудлаарх “Рамштайн формат”-ын есдүгээр хуралдаан боллоо.
Уулзалтад 54 улсын төлөөлөгч оролцсон байна. Хуралдааны эхэнд Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников зэвсэгт хүчинд нь байлдааны онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн боловч талууд Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх шийдвэр гаргаагүй байна.
Гэхдээ байлдааны зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслээ нэмж, нийлүүлэлтээ түргэвчлэхээр тохиролцсон гэж мэдээлж байна.
Уулзалтын хоёр дахь сэдэв нь танк нийлүүлэх асуудал байлаа. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин уулзалтын эхээр Украинд 8 улс танк нийлүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Танкуудыг ирэх сард Украинд олгоно, гуравдугаар сарын эцэс гэхэд дээд хэмжээнд хүргэнэ гэжээ.
Бас нэг хэлэлцсэн чухал асуудал нь зэвсгийн нөөц бүрдүүлэлт байсан. Украины дайн асар их зэвсэг ашиглаж, холбоотнуудынхаа нөөцийг шавхаж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдсэн байна.
Зэвсгийн хэрэглээ үйлдвэрлэлийн түвшнээс давж, батлан хамгаалах аж үйлдвэрт ачаалал үүсгэж байна гэжээ. Тиймээс Пентагон ойрын хоёр жилийн хугацаанд их бууны сумны үйлдвэрлэлээ 500 хувиар нэмж, зэвсгийн үйлдвэрлэлээ Солонгосын дайны үеийн түвшинд хүргэхээр зэхэж байгааг “Нью-Йорк Таймс”-т мэдээлжээ.
Энэ бол Орос Украин руу дайран орсноос хойш Украины холбоотнуудын бүлгийнхний зохион байгуулсан ес дэх хуралдаан юм байна. Үүний дараа НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын хуралдаан эхэлсэн байна.
Брюссель хотноо “Рамштайн формат”-ын есдүгээр хуралдаан боллоо | ||
Үзсэн: 433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.