Шууд Chart

Ираны Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

2023-02-15 13:59:17

Бээжинд айлчилж байгаа Ираны Ерөнхийлөгч Ибрахим Райси БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй мягмар гарагт дээд хэмжээнд уулзсан байна.

Талууд хоёр улсын харилцааг бэхжүүлэх төлөвлөгөөтэй гэдгээ уулзалтын үеэр дахин илэрхийлжээ. 

Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр “Тус улсын дарга Ши Жиньпин олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Иран улстай найрсаг хамтын ажиллагааг тууштай хөгжүүлнэ” гэж Ираны Ерөнхийлөгч Ибрахим Райсид хэлсэн байна. Мөн хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийг ахиулна гэдгийг цохон тэмдэглээд, “Хятад улс Ираны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, аюулгүй, тогтвортой байдлыг алдагдуулсан гадаадын хүчнүүдийг эсэргүүцэж сөрнө” гэсэн утга агуулгатай үг хэлсэн байна.

Хоёр улсын тэргүүн түүнчлэн Ибрахим Райсигийн айлчлалын эхний өдөр хөдөө аж ахуй, худалдааны гэх мэт өргөн хүрээг хамарсан хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зуржээ.

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Райси БНХАУ-д пүрэв гараг хүртэл гурав хоногийн айлчлал хийж байна.

Хятадын дарга Ши Жиньпины хувьд Ойрх Дорнодод АНУ-ын нөлөөллийн эсрэг Тегерантай харилцаагаа бэхжүүлэхийг илт чармайж байна гэж хэвлэлүүд бичиж байна.

Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Нэгдсэн улстай ойр харилцаатай байдаг Арабын улсуудын удирдагчидтай хамт Саудын Арабт дээд хэмжээний хуралд оролцсон юм.


Ираны Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй