Шууд Chart

А.Бүрэнбаатар: Өв соёлоо харуулсан “Өв түгээ” төслөө үндэсний бөхчүүдээрээ дамжуулан үзэгчдэд хүргэнэ

2023-02-16 10:39:58

МҮОНРТ-ээс “Өв түгээ ...” төсөл хэрэгжиж эхлээд байгаа билээ. Үүнийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Агваандашийн Бүрэнбаатар санаачилсан бөгөөд цөөн асуултад хариулт авсан юм.

-“Өв түгээ ...” төсөлд үндэсний бөхчүүдээ оролцуулсан нь ямар учиртай вэ?

-Өв соёлоо бахдан харуулсан, олон нийтэд түгээсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх юмсан гэж нэлээн хугацааг өнгөрүүлсэн. Нэрийг нь манай телевизийн Төрөлжсөн сувгуудын захирал П.Отгонтуяа өгсөн. Эхний ажлаа үндэсний бөхөөр эхэлсэн нь бас учиртай. Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг тээж яваа хүмүүс бол үндэсний бөхийн тамирчид. Тэдний малгай, бүс, дээл, гутал зэргээс гадна уул овоондоо хүндэтгэл үзүүлэх нь хүртэл их өв юм. Цаашлаад мэндлэх хүндлэх ёс, эрэмбэ дараа, жудаг нь маш их утга санааг илэрхийлж байдаг. Сүүлийн үед үндэсний бөхийн нэр хүнд жаахан унаж байгаа тул өнөө цагт энэ асуудалд сэтгэлээ чилээж, уламжлалаа хадгалж үлдэхийг хүссэн бөхчүүдийг сонгосон.  

-Төслийн зүгээс тусгайлан гаргасан 24 бөхийн нэрсээс багийн ахлагч болох дөрвөн бөх сугалж, багаа бүрдүүлэх юм билээ. Тэгэхээр өмнө нь хамтарч бэлтгэл хийж байгаагүй бөхчүүд нэг баг болох магадлалтай учир илүү сонирхолтой санагдаж байна ...

-Тийм шүү. Багийн ахлагчаар Монгол Улсын аварга С.Мөнхбат, О.Хангай, улсын гарди Д.Рагчаа, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажиллана. Улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарди Б.Гончигдамба нар ч өв соёлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэх болов уу. Улсын аварга С.Мөнхбатын хувьд “Бор аварга” сангийнхаа зүгээс илүү санаачлагатай дэмжиж оролцож байгаад бид бүхэн маш их талархалтай байгаа. Монгол хүн бүхэн хүүгээ бөх болгохыг хүсч, билэгддэг тул бид энэхүү контентоороо дамжуулж, тэдгээр балчир хөвгүүдийн сэтгэлд урам өгөх зорилго ч агуулагдаж байгаа.

-Зарим үзэгч, уншигч энэ ярилцлагыг уншаад зөвхөн бөх барилдах нь гэж харж байж магадгүй. Зургаан дугаар үргэлжлэх тус нэвтрүүлгээр Монгол ахуй, түүх судлаач эрдэмтэд үндэсний өв соёлын талаар нарийн тайлбар өгөх юм билээ ...

-Сар шинээр хүмүүс уулны оройд гарч, сүү цагаан идээ өргөх, хадаг, хийморийн дарцаг зүүх, архи дарс задлах, уухайлдаг. Гэвч ямар идээ ундаа өргөх ёстой юм, уухайлдаг юм уу хурайлдаг юм уу гэх мэтийг таны хэлж буй судлаачид тайлбарлана. Сүүлийн үед уул овоонд эмэгтэй хүн хүртэл гарч байна. Энэ талаар ч тэд нарийн зөвлөгөө өгнө. Гэхдээ зөвхөн дом, билэгдлээс бус шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж байгаа.  

-Өнөө үед залуучууд бие биенээ дуурайж туйлширч байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсантай олон жилийн өмнө уулзахад “Би уулын зулай дээр гишгэх дургүй. Алсаас харж залбираад л буцдаг” гэж байсан. Үүнтэй адил зарим судлаач “Хаанаас ч залбирсан ижил” гэж байсан л даа ...   

-Монголын Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, доктор Б.Галаарид гуайтай ярилцаж байхад яг ийм үг хэлсэн. “Хайрлан сүсгэлж байдаг хайрханыхаа оройд заавал гарах биш бэлд нь залбирхад л болно” гэж байсан. Гэтэл өнөөдөр зарим хүн өв уламжлалынхаа эсрэг “No naadam” гээд төв талбайд жагсаж байлаа. “Төрийн сүлд минь өршөө” гээд сүлдэндээ залбирдаг ард түмэн салаавч гаргадаг болсон байна. Мөн өндөр цол, албан тушаалтай хүнийг үзэж чадахаа байж. Ерөөсөө л бүгдээрээ тэрсүү үзэлтэй болж. Язгуурын өв соёлоо мэдэхгүй хэрнээ гадны улсын соёлыг шүтээд яах юм бэ. Тиймээс бид уг төслийнхөө эхний ажлыг бөхчүүдээрээ дамжуулан өв соёлоо түгээнэ. Дараа нь уяачдаа оролцуулах төлөвлөгөөтэй байна.  

-Энэ дашрамд асуухад, сар шинийн үеэр МҮОНТ ямар ямар контент үзэгчдэд хүргэх вэ?

-Ирэх даваа гарагаас “Амар байна уу” хөтөлбөр эхэлнэ. Битүүний өдрөөс “Сувдан өргөө” таван өдөр гарах контент бэлтгэгдсэн. Мөн уламжлалт “Монгол түмний мэнд” нэвтрүүлэг гарна. Үүнд өмнө нь 21 аймгийн иргэд оролцдог байсан бол энэ удаа Монгол үндэстэн, угсаатан нэгтгэгдсэн байгаа. Түүнчлэн “Хүрээ донж” үндэсний хувцасны загварын шоуг зохион байгуулсан. Өмнө нь телевизийн контент хэлбэрээр байсан бол энэ жил үндэсний хувцас загварын шоу болсноороо онцлогтой. Үүнийг жилд хоёр удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Уртын дуу үндэсний өв соёл мөн. Тиймээс уртын дууны тухай ч тайлал нэвтрүүлэг бэлтгэсэн.

-Ярилцсанд баярлалаа.    

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Бүрэнбаатар: Өв соёлоо харуулсан “Өв түгээ” төслөө үндэсний бөхчүүдээрээ дамжуулан үзэгчдэд хүргэнэ   
Үзсэн: 2849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй