Шууд Chart

Шинэ Зеланд улс хар салхины үр дагаврыг арилгахад олон улсаас тусламж хүсчээ

2023-02-16 13:41:25

Шинэ Зеланд улс “Габриэль” хар салхины үр дагаврыг арилгахад олон улсаас тусламж хүсчээ.

“Шинэ Зеланд улс тодорхойгүй, хүнд нөхцөл байдалтай тулгараад байна. Иймд олон улсаас тусламж хүсч байна” гэж тус улсын Ерөнхий сайд Крис Хипкинс мэдэгджээ.

Дэд бүтцийн байдал хэсэг хугацаанд ачаалалтай хэвээр байна. Энэ хэрээр хүн ам томоохон шалгуур, сорилттой тулгарах болно гэж тэрбээр нэмж хэлжээ.

Шинэ Зеландын Засгийн газар тусламж хүссэн гэдгийг Австралийн Гадаад хэргийн яам баталсан байна. Тус улс хөрш орондоо туслах ажлын хэсэг байгуулжээ.

Шинэ Зеландын хойд арлын төвийн болон зүүн өмнөд бүс даваа гарагт дайран өнгөрсөн “Габриэль” хар салхинд хамгийн ихээр өртсөн. Энд нөхцөл байдал хүнд хэвээр байна. Хэд, хэдэн суурин газар үерт өртөж, 9000 гаруй иргэн нүүлгэн шилжүүлэх төвд толгой хоргодож байна.

Цахилгаан дамжуулах шугам эвдэрсний улмаас 250 мянган иргэн цахилгаангүй, харилцаа холбоогүй болж, зарим зам, гүүр хөрсний гулгаа, үерийн усанд эвдэрчээ.

Хойд арлын дэлгүүрүүдийн олонх нь хаалттай, үерийн усаар тусгаарлагдсан хэд хэдэн бүсэд ундны ус, хүнс тэжээлийг нисдэг тэргээр хүргэж байна.

Баасан гарагт арлын зүүн хойд эргийн боомтуудын ажиллагааг сэргээснээр хүнсний нийлүүлэлт хэвийн болно гэж мэдээлж байна. Түүнчлэн Шинэ Зеландын засаг захиргаа хар салхинд өртсөн бүсийн зарим хэсгийн авто замыг пүрэв гарагийн орой гэхэд нээж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг нэмэхээ амлажээ.

Хар салхи, үерийн улмаас амиа алдсан хүний тоо тав болж нэмэгдсэн. Мөн сураггүй алга болсон, даваа гарагаас хойш ар гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй 105 хүн байна гэж Шинэ Зеландын засаг захиргаа мэдээлжээ.

Өнгөрсөн шөнө цагдаа нар гамшгийн хүнд нөхцөлд тонуул хийсэн 5 хүнийг саатуулжээ. 


Шинэ Зеланд улс хар салхины үр дагаврыг арилгахад олон улсаас тусламж хүсчээ  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй