Шууд Chart

Хятад улс бөмбөлгийн асуудлаар Америкийн байгууллагуудад арга хэмжээ авна гэж мэдэгджээ

2023-02-17 12:39:25

Тагнуулын зориулалттай хэмээн устгасан бөмбөлгийн асуудлаар Хятад улс Америкийн байгууллагуудын эсрэг арга хэмжээ авна гэж лхагва гарагт мэдэгдсэн байна.

“Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдалд халдсан АНУ-ын холбогдох байгууллагуудын эсрэг хуулийн дагуу хариу арга хэмжээ авна” гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин ярьсан байна.

Гэвч уг шийдвэрийнхээ талаар Хятадын Засгийн газар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүйгээс гадна, ямар байгууллагуудад арга хэмжээ авахаа зарлаагүй байна.

Тус улсын судалгааны зориулалттай хэмээн тайлбарласан агаарын бөмбөлгийг хоёрдугаар сарын 4-нд Америкийн агаарын хүчин устгаснаас хойш Нэгдсэн улс Хятадын дөрвөн байгууллагыг тус улсын агаарын зайн хөтөлбөрт оролцсон гэж хориг тавиад байна.

Мөн Америкийн төлөөлөгчдийн танхим Бээжинг “Нэгдсэн улсын хараат бус байдлыг ичгүүргүйгээр зөрчин, тагнуулын мэдээлэл цуглуулах кампанит ажлынхаа талаар худал мэдэгдэл гаргаж Олон улсын хамтын нийгэмлэгийг хууран мэхлэхийг оролдсон” гэж санал нэгтэй буруутгасан юм.

Харин Хятадын талаас дээрх бөмбөлгөө санамсаргүйгээр Америкийн агаарын зайд нэвтэрсэнд харамсаж байгаагаа анх илэрхийлсэн боловч Вашингтоныг буруутгаад байна.  


Хятад улс бөмбөлгийн асуудлаар Америкийн байгууллагуудад арга хэмжээ авна гэж мэдэгджээ  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй