Шууд Chart

БНСУ батлан хамгаалахын "Цагаан ном"-доо Умард Солонгосыг дахин дайснаа гэж тодорхойлжээ

2023-02-17 13:28:27

Өмнөд Солонгосын Засгийн газар хоёр жил тутамд гаргадаг Батлан хамгаалахын "Цагаан ном"-доо Умард Солонгосыг дахин дайснаа хэмээн тодорхойлсон байна.

2022 оны номоо тус улсын Батлан хамгаалах яамнаас пүрэв гарагт танилцуулсан байна.

Номд тус улс БНАСАУ-ыг цөмийн зэвсэглэлээ зогсоодоггүй, бидэнд байнга цэргийн заналхийлэл учруулж байгаа учраас Хойд Солонгосын Засгийн газар, арми бол бидний дайсан хэмээн бичсэн байна.

Мөн Умардын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн оны 12 дугаар сард Хөдөлмөрчний намын төв хорооны нэгдсэн хуралдаан дээрээ биднийг эргэлзээгүй дайсан гэж тодорхойлсон гэжээ.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам Япон улсыг ойрын хөрш хэмээн тодорхойлж, цөмийн бөмбөг бүтээхэд ашигладаг плутони хэмээх материалыг Пёнъян улам ихээр нөөцлөх болсон талаар батлан хамгаалахын номондоо бичсэн байна.

1995 онд Өмнөд Солонгосын Засгийн газар Умардын нэг албан тушаалтан "Сөүлийг галан далай болгоно" хэмээн сүрдүүлсний дараа Пёнъяныг дайснаа гэж Цагаан номдоо бичсэн байна.

2004 онд талууд эвлэрлийн байдалд шилжсэн байсан тул Өмнөд Солонгос энэ тодорхойлолтоо бага зэрэг зөөлрүүлж, цэргийн шууд аюул заналхийлэл хэмээн өөрчилж байжээ.

Гэвч 2010 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны жижиг хөлөг онгоцыг Умардынхан устгаж, 46 далайчныг нь хөнөөсөн, мөн 11 дүгээр сард нь артиллерын цохилт хийсэн зэргээс үүдэн тэр жил “дайсан” гэдэг тодорхойлолтоо Сөүл сэргээн, 2016 он хүртэл хадгалсан байна.

Улмаар 2018, 2020 оны "Цагаан ном"-ын хувилбартаа хоёр Солонгосын харилцааг сайжруулахыг чармайж байсан тухайн үеийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газрын үед тус улс Умард Солонгосыг дайсан гэж нэрлэхээ больсон байна.


БНСУ батлан хамгаалахын "Цагаан ном"-доо Умард Солонгосыг дахин дайснаа гэж тодорхойлжээ  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй