
Палестины нутаг дэвсгэрт шинэ хурцадмал байдал үүссэнтэй зэрэгцээд Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзалдлаа.
Талууд өмнө нь байгуулсан бүх тохиролцоогоо дагаж мөрдөх, үүссэн асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээр тохиролцож, хүчирхийллийг зогсоох, хурцадмал байдлыг намжаах нь зөв гэдэгт санал нэгджээ.
Мөн Израилийн тал Йордан голын Баруун эрэгт 4-6 сарын хугацаатайгаар суурингийн барилгын ажил явуулахгүй байхаар тохиролцлоо гэж “Аль-Жазира” суваг дамжуулжээ.
Бүс нутгийн зөрчилдөөнийг бууруулах асуудлаарх энэ уулзалт ням гарагт Улаан тэнгисийн Акаба хотод болсон. Уулзалтад Палестины Тагнуулын албаны тэргүүн Мажед Фараж, Израилийн Дотоод тагнуулын газрын удирдагч Ронен Бар, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн зөвлөх Бретт Макгёрк, түүнчлэн Йордан, Египетийн төлөөлөгчид оролцсон байна.
Талууд дараагийн уулзалтаа ирэх гуравдугаар сард Египетийн Шарм-эль-Шейх хотод зохион байгуулахаар болсон гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Израил, Палестины армийн хооронд ширүүхэн мөргөлдөөн үе үе гарах болсон. Он гарснаас хойш Палестины талаас цэрэг, энгийн номхон иргэд нийлсэн 60 гаруй хүн, Израилийн талаас 13 хүн амь үрэгджээ.
Өчигдөр л гэхэд Йордан голын Баруун эргийн хойд хэсэгт энгийн номхон хоёр израилийг хөнөөсөн хэрэг гарсан байна.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир нар үүнийг "Палестины алан хядах ажиллагаа" гэж нэрлэжээ.
Түүнчлэн Израилаас ирсэн хүмүүс Йордан голын Баруун эргийн Наблус хотын ойролцоох тосгодод палестинчуудын эзэмшлийн хэд хэдэн байшинг шатаасан хэрэг гарсан талаар мэдээлж байна. Үүний зэрэгцээ энэ сарын 22-нд Израилийн цэргүүд Иордан голын Баруун эргийн Наблус хотод ажиллагаа явуулж, эсэргүүцэл үзүүлсэн сэжигтэн гурван этгээдийг устгаснаа зарласан.
Гэвч палестинчууд 11 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан гэж мэдээлжээ. Энэ бол Израилийн армиас Баруун эрэгт явуулсан, 2005 оноос хойших хамгийн их цус урсгасан ажиллагаа боллоо гэж зарим агентлаг дамжуулж байна.
Олон улсын нийгэмлэгүүд бүсийн нөхцөл хурцадмал байдалд орсонд түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнтэй зэрэгцээд Израилийн Засгийн газар алан хядах ажиллагаа үйлдсэн хүмүүст цаазын ял оноох тухай хуулийн төсөл санаачилсныг Израилийн хэд хэдэн хэвлэлд мэдээлсэн байна.
Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзалдлаа | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.